
Зургийг: Tim Enthoven
Саяхан буюу 2024 оны зун Илон Маск, Жефф Безос, Бернар Арно нар дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн статусыг булаацалдаж, эрэмбийн тэргүүн байр бараг өдөр бүр солигдож байлаа. Тухайн үед тэдний хөрөнгө тус бүр 200 тэрбум ам.доллар орчим байв.
Харин үүнээс хоёр жил ч хүрэхгүй хугацааны дараа 54 настай Илон Маск дэлхийн түүхэнд анх удаагаа их наяд ам.долларын хөрөнгө бүрдүүлж, Безос, Арно нарынхыг нийлүүлснээс хоёр дахин их хөрөнгийн эзэн болоод байна.
Их наядтан гэхээр яг хэр баян гэсэн үг вэ? Үнэндээ тэрбум ам.долларыг ч төсөөлөлдөө буулгахад бэрх байдаг. Тэрбумын хөрөнгөтэй бол 100 жилийн хугацаанд өдөр бүр $27,000-ыг үрж болно. Харин их наяд ам.доллар нь нэг зууны турш өдөр бүр 27 сая ам.доллар зарцуулахтай дүйцнэ.
Гэхдээ бодит байдал дээр их наядтан хөрөнгөө бэлэн мөнгөтэй адил зарцуулах боломжгүй. Илон Маскийн хувьд хөрөнгөө барьцаалж олон тэрбумыг зээлж болно. Харин SpaceX, Telsa-д эзэмшдэг хувьцаагаа зарж бэлэн мөнгө болгох өчүүхэн ч атугай дохио өгвөл компаниудынхаа зах зээлийн үнэлгээг нэг шөнийн дотор газар шороодуулах эрсдэлтэй.
Тэгэхээр Маскийн $1 их наядын хөрөнгө юуг боломжтой болгох вэ? Bloomberg News тоо бодож, тэрхүү үлэмж хөрөнгийг тооцоолох таван арга зам боловсруулсныг хүргэж байна.
1. PayPal-ийг хөрөнгийнхөө ердөө 4 хувиар худалдаж авч чадна
Илон Маскийн анхны том амжилт нь PayPal байв. eBay тус компанийг 1.5 тэрбум ам.доллароор худалдаж авахад Маск хэдий багахан хувийг нь хүртсэн ч гэлээ чамгүй хөрөнгөтэй болж байв.
Түүний үүсгэн байгуулсан цахим банкны стартап Питер Тиль тэргүүтний байгуулсан төлбөр тооцооны компанитай нэгдсэнээр PayPal бий болсон юм. Компанийн үүсгэн байгуулагчид болон анхны ажилтнууд хожим Цахиурын хөндийн хамгийн нөлөө бүхий технологийн компаниудыг байгуулж, санхүүжүүлж, удирдах болсон тул тэднийг “PayPal Mafia” хэмээн өдгөө нэрлэх болсон билээ.
Өнөөдрийн байдлаар PayPal-ийн зах зээлийн үнэлгээ 40 тэрбум ам.доллар хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй хүн PayPal-ийг нэг удаа биш, 25-аас дээш удаа худалдаж авах боломжтой гэсэн үг.
2. АНУ, Европ, Японы автомашин үйлдвэрлэгч бүх компанийг худалдаж авах боломжтой
Илон Маск “Bloomberg Billionaires Index”-д анх багтсаны гол хөшүүрэг нь Tesla байв. 2013 онд тус компанийн орлого тав дахин өсөж, Маск тухайн оныг 7.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн 161 дүгээрт эрэмбэлэгдэн дуусгаж байлаа.
Түүнээс хойш арав гаруй жилийн дараа Маск Tesla-г автомашин үйлдвэрлэлээс роботын бизнес рүү тэлэхээр зорьж, зах зээлийн үнэлгээ нь автомашины салбарын бусад өрсөлдөгчдийг хол давсан хэвээр байна.
Tesla-гаас бусад АНУ, Европ, Японы бүх автомашин үйлдвэрлэгчийн зах зээлийн үнэлгээг нийлүүлбэл ойролцоогоор 900 тэрбум ам.доллар болно. Тэгэхээр GM, BMW, Toyota зэрэг компаниудыг бүгдийг нь худалдаж авахад ч Маскийн өнөөгийн хөрөнгө онолын хувьд хүрэлцэхээр байна.
3. АНУ-ын 68 удаагийн сонгуулийн зардлыг санхүүжүүлж чадна
Илон Маск 2024 онд Дональд Трамп болон Бүгд найрамдах намын бусад нэр дэвшигчид ялалт байгуулахад 291 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сонгуулийн хамгийн том донор болж байв.OpenSecrets-ийн тооцоогоор 2024 оны АНУ-ын сонгуулийн нийт зардал бараг 15 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүгээр тооцвол нэг их наяд ам.доллар нь АНУ-ын бараг 68 удаагийн сонгуулийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө.
4. NASA-ийн жилийн төсвийг 41 удаа санхүүжүүлж чадна
Tesla-ийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн онд Илон Маскийн урамшууллын багцыг эрс нэмэгдүүлэх тухай маргаан дагуулсан саналыг баталснаар түүний их наядтан болох замыг засаж өгч байлаа. Tesla-ийн санхүү, үйл ажиллагааны нэлээн өндөр босготой зорилтуудыг хэрэв биелүүлж чадвал урамшууллын багцын дүн нь нэг их наяд ам.долларт хүрэх боломжтой.
Гэтэл Маск өөр нэг компани нь болох SpaceX-ийн ачаар их наядын босгыг аль эрт даваад байна.
Нэг их наяд ам.доллар нь SpaceX-ийн гол харилцагчдын нэг болох NASA 1958 онд байгуулагдсанаасаа хойш зарцуулсан нийт төсвөөс ойролцоогоор 200 тэрбум ам.доллароор өндөр дүн юм. Мөн Маск хөрөнгийнхөө 3 хувьд ч хүрэхгүй хэсгээр NASA-ийн 2025 оны 24.6 тэрбум ам.долларын төсвийг бүрэн санхүүжүүлэх боломжтой гэсэн үг.
5. Уоррен Баффетын хөрөнгийг долоо нугална
Илон Маскийн нийт хөрөнгө одоо Bloomberg Billionaires Index дэх дараагийн гурван тэрбумтны хөрөнгийг нийлүүлснээс ч давжээ. Google-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Брин болон Amazon.com-ийн Жефф Безос нарын хөрөнгийг нийлүүлээд ч нэг их наяд хүрэхтэй үгүйтэй байна.
Түүнчлэн 145 тэрбум ам.долларын хөрөнгөөр Bloomberg-ийн индексийн 11 дүгээрт эрэмбэлэгдэж буй Уоррен Баффетынхоос ойролцоогоор долоо дахин их хөрөнгөтэй гэсэн үг юм.
Гэхдээ Баффет хөрөнгийнхөө томоохон хэсгийг буяны үйлсэд хандивлаагүй байсан бол энэ зөрүү мэдэгдэхүйц бага байх байв. Харин Маскийн хувьд хөрөнгийнхөө дийлэнх хувийг өөрийн компаниуд дахь хувь эзэмшлээрээ хадгалж үлдэж буй.
Олон хэлний толь бичигт “trillionaire” буюу “их наядтан” гэдэг үг байдаггүй. Тиймээс Илон Маск дэлхийн баялгийн тэгш бус байдлыг илэрхийлэх нэр томьёонуудыг шинээр болгож байна.
Иргэдийн нийт хөрөнгө нь 1 их наяд ам.доллар хүрдэг улс өдгөө дэлхий дээр ердөө 62 бийг Дэлхийн тэгш бус байдлын өгөгдлийн бааз харуулж байна. Хэрэв Маск ганцаараа улс байгуулбал одоогийн 156 улсаас чинээлэг улстай байх байжээ.
Мөн энэ их хөрөнгийг нь мэдээж түүхэнд байгаагүй их эрх мэдэл дагалдана. Өнөө цагийн их наядтантай зүйрлэж хэлэх боломжтой ганц эрхэм байгаа нь АНУ-ын Алтан үед төрсөн анхны тэрбумтан Жон Д.Рокфеллер байна. Хөрөнгөө дэлхий даяар сайн үйлсэд зарцуулснаар Рокфеллер дэлхийг гүнзгий өөрчилж чадсан. Түүний хөрөнгөөр үндэсний паркууд, дэлхийн зэрэглэлийн музейнүүд, их сургуулиуд баригдаж, анагаах ухааны судалгаанд хувьсгал хийгдсэн билээ.
Тэгвэл Илон Маск одоогоор дэлхий дээрх амьдралд бус, нарны аймгийн ирээдүйг өөрчлөхөд илүү төвлөрч буй шинжтэй. SpaceX-ийн үнэт цаасны танилцуулгад “Ангараг дээр багадаа 1 сая оршин суугчтай хүн төрөлхтний байнгын колони байгуулах” зорилт тусгасан байв. Энэ зорилт биелбэл Маск хэр их урамшуулал авах вэ? Дахиад 760 тэрбум ам.доллар.