
Зургийг: ParliamentMN
Нийслэлийн төсвийн орлого 2022 онд 1.6 их наяд төгрөг байсан бол 2025 онд 3.8 их наяд төгрөг болж, 2026 онд 5.4 их наяд төгрөг хүрэх тооцоололтой байна. Нийслэлийн төсвийн 70 орчим хувийг ХХОАТ болон ААНОАТ-аар бүрдүүлдэг.
Харин нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2022 онд 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2026 онд 7.8 их наяд төгрөг хүрч, үүнээс 2.7 их наяд төгрөгийг урсгал зардал эзлэх тооцоололтой байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2026 онд 2.4 их наяд төгрөг хүрэхээр байгаа нь улсын нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэхээр байгааг Сангийн сайд танилцууллаа.
Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом тэлж буй нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж буйг Сангийн сайд тодотгосон юм.
Нийслэл Сэлбэ дэд төвийн орон сууцжуулалтын төслийн санхүүжилтэд 500 сая ам.доллар, Бөөрөлжүүтийн Дулааны цахилгаан станц барихад 300 тэрбум төгрөг, батарей хуримтлуурын төсөлд 298 тэрбум төгрөг, бохир усны Туул-1 коллектор болон зам засвар арчилгаанд зориулж 200 тэрбум төгрөгийн бонд гаргасан. 2025 оны эцсийн байдлаар нийслэлийн дотоод, гадаад үнэт цаасны үлдэгдэл 2.5 их наяд төгрөг байна.
Үүнээс гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын зардал сүүлийн 10 жилд 10 дахин өссөн. Үүн дотор 5-12 жилийн хугацаанд он дамжин хэрэгжиж буй төслүүд байгааг нийслэлийн төсвийн сонсголын үеэр шинжээч танилцуулсан юм.
Нийслэл 16 мега төслийг 28.9 их наяд гаруй төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс зургаадугаар сарын байдлаар 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт зарцуулж, төслийн нийт гүйцэтгэл 4.8 хувьтай байгааг мэдээллээ.