
Зургийг: Ethan Swope/Bloomberg
(Bloomberg) -- Ази даяарх хөрөнгө оруулагчид дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO-д шууд оролцох боломж үндсэндээ хязгаарлагдсан тул “SpaceX”-ийн 75 тэрбум ам.долларын хэлцэлд дам байдлаар бооцоо тавих арга зам эрэлхийлсэн байна.
IPO-д шууд нэвтрэх боломжгүй болсон тул Сөүлээс Шанхай хүртэлх хөрөнгө оруулагчид “SpaceX”-ийн хувьцаа хоёрдогч зах зээлд гарсны дараах өсөлтөөс ашиг хүртэх зорилгоор сансрын салбарын нийлүүлэлтийн сүлжээний компаниуд, салбарын биржээр арилжаалагддаг сангууд болон “Nasdaq 100 Index”-ийг дагасан сангууд руу хөрөнгө оруулж байна. Мөн крипто хөрөнгө оруулагчид “SpaceX”-ийн хугацаагүй фьючерсийн ханшийг өсгөж байгаа бол зарим платформ илүү нарийн бүтэцтэй дериватив бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн байна.
“Арилжааны хэв маяг, эрсдэл даах чадварын хувьд харилцан адилгүй олон төрлийн харилцагчдын SpaceX-ийг чиглэх сонирхол нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна” гэж “Vantage Global Prime”-ийн шинжээч Хэби Чен онцоллоо. “SpaceX-ийг тойрсон хөрөнгө оруулалтын сонирхол энгийн IPO-ийн лавлагаа гэхээсээ илүүтэй, пуужин хөөрөхөөс өмнө зорчигч суудлаа баталгаажуулахыг оролдож буй хөрөнгө оруулагчдын дүр зурагтай төстэй байна” гэж тэрбээр тодотгосон байна.
Зах зээл бүрд хөрөнгө оруулагчдын ашиглаж буй арга зам харилцан адилгүй байна. Ази, Номхон далайн бүсэд жижиглэнгийн хөрөнгө оруулагчид “SpaceX”-ийн IPO-д шууд оролцох боломжтой цорын ганц зах зээл нь Япон болон Австрали байна.
Баасан гарагийн өглөө Хонконгийн цагаар “SpaceX”-тэй холбоотой хугацаагүй фьючерсүүд крипто арилжааны “Hyperliquid” платформ дээр ойролцоогоор 173 ам.доллароор арилжаалагдсан. Энэ нь тус компанийн үнэлгээг 2.2 их наяд ам.доллароос дээш түвшинд тооцож буйг харуулж байна.
Мөн цахим арилжааны “IG International” платформ “SpaceX”-тэй холбоотой contracts-for-difference буюу CFD (зөрүүний гэрээ) санал болгож байна. CFD нь хөрөнгө оруулагчдад тухайн хөрөнгийг шууд эзэмшихгүйгээр ханшийн өөрчлөлтөд бооцоо тавих боломж олгодог дериватив бүтээгдэхүүн юм.
“IG International”-ийн зах зээлийн шинжээч Фабиен Ипийн мэдээлснээр “SpaceX-ийн CFD-үүд Сингапурын цагаар баасан гарагийн өглөө компанийн зах зээлийн үнэлгээг 2.4 их наяд ам.доллароор тооцож байв. Энэ нь IPO-ийн үнээс 35 хувиас дээш өсөлт хүлээж буйг илтгэж байна” гэж онцолжээ.
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчид идэвхтэй гэдгээрээ алдартай БНСУ-д зарим хөрөнгө оруулагч “SpaceX”-ийн IPO-д шууд оролцохыг оролдсон байна. Тэд дотоодын брокер “Mirae Asset Securities”-ээр дамжуулан хувийн байршуулалтын хэлбэрээр хувьцаа авах захиалга өгсөн ч уг хуваарилалт нэг минутын дотор дууссан гэж Yonhap Infomax News мэдээлсэн юм.
Харин IPO-д шууд оролцож чадаагүй бусад хөрөнгө оруулагчийн хувьд “SpaceX”-ийн нийлүүлэлтийн сүлжээ болон ижил төстэй салбарын компаниуд дараагийн боломжит хувилбар болж байна. Учир нь “SpaceX”-ийн IPO-оор татсан шинэ хөрөнгө эцэстээ ханган нийлүүлэгч компаниудад хүрч, хиймэл дагуул, харилцаа холбооны тоног төхөөрөмж, хөөргөх дэд бүтцийн салбарын өсөлтийг дэмжинэ гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдээд буй. Үүний нөлөөгөөр БНХАУ болон Тайванийн “SpaceX”-тэй холбоотой зарим компанийн хувьцаа огцом өссөн байна. Тухайлбал: “Starlink”-тэй холбоотой газрын терминалын бүрэлдэхүүн хэсэг нийлүүлдэг “Sunway Communication”-ийн хувьцааны ханш энэ онд 60 хувиар өссөн бол “Lens Technology”-ийн хувьцааны ханш 41 хувиар эрчимжив. Энэ нь БНХАУ-ын “CSI 300 Index”-ийн хоёр хувийн өсөлтөөс хавьгүй өндөр үзүүлэлт юм.
Мөн Тайваньд хиймэл дагуул болон харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниуд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. “WNC Corp”-ийн хувьцаа энэ онд 175 хувиар, “Chin-Poon Industrial”-ийнх 91 хувиар, “Universal Microwave Technology”-ийнх 147 хувиар тус тус өсжээ. Эдгээр гурван компани бүгд “SpaceX”-ийн ашигладаг эд анги нийлүүлдэг. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр өгөөжтэй индексүүдийн нэг болоод буй “Taiex Index”-ийн энэ оны 49 хувийн өсөлтөөс ч давжээ.