
Зургийг: Giorgio Viera/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зарим үед манай гараг дээрх хамгийн том арга хэмжээ гэж тодорхойлох нь бий. Гэсэн хэдий ч тус тэмцээнийг 30-аад жилийн дараа дахин хүлээн авч зохион байгуулж байгаа АНУ-ын хувьд дээрхтэй огтхон ч санал нийлэхгүй хэвээр аж.
Тавдугаар сарын эцсээр явуулсан санал асуулгаар АНУ-ын насанд хүрсэн иргэдийн талаас илүү хувь нь ДАШТ-ий 104 тоглолтын ганцыг нь ч гэртээ зурагтаар үзэхгүй гэдгээ илэрхийлжээ. Харин ердөө 13 хувь нь тоглолтуудыг заавал үзнэ гэж хариулсныг “Bloomberg”-ийн захиалгаар “Morning Consult” байгууллагын явуулсан тус судалгааны үр дүн харуулж байна.
ДАШТ-ийг харах өнцөг америкчуудын насны бүлэг хооронд эрс тэс ялгаатай байжээ. Тухайлбал: 20-иод насандаа яваа "Gen Z" үеийнхний дунд идэвх, хүлээлт хамгийн өндөр байсан бол 60-70 насныхан буюу "Baby Boomer" үеийнхэн хамгийн тоомжиргүй ханджээ. Тэдний дөрөвний гурав нь хөлбөмбөг огт үздэггүй гэсэн бол бараг тэн хагас нь Аргентины домогт хөлбөмбөгчин Лионель Мессигийн талаар амьдралдаа дуулж байгаагүй гэсэн байна.
Үүгээр зогсохгүй эх оронд нь ийм тэмцээн болж байгааг ч мэдээгүй Америкчуудын тоо нэлээн их байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 20 орчим хувь нь ДАШТ-ий талаар тодорхой мэдээлэл авсан бол бараг 40 хувь нь "Огт мэдээгүй" гэж хариулжээ.