logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “SpaceX” түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO хийж, зах зээлийн бодит үнэлгээ нь $1.77 их наяд хүрлээ
    Bailey Lipschultz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 12 10:39
    719

    Зургийг: Patrick T. Fallon/AFP/Getty Images/Bloomberg

    Илон Маскийн хөрөнгийн хэмжээ нэг өдөрт $274.4 тэрбумаар нэмэгдэж, $970.5 тэрбум хүрэв

    (Bloomberg) -- “SpaceX” компани түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO хийж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй хувьцаат компаниудын эгнээнд нэгдлээ. Ингэснээр тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн хувьд дэлхийн анхны ам.долларын их наядтан болоход тун ойртоод байна.

    Тус компани IPO-ийн үнээ албан ёсоор зарлаж нэгж хувьцаагаа 135 ам.долларт тогтоож, 555.6 сая ширхэг хувьцаагаа олон нийтэд санал болгосон. Ингэснээр зорилтот түвшин болох 75 тэрбум ам.долларыг амжилттай татан төвлөрүүлж байна. Энэ нь 2019 онд 29.4 тэрбум ам.доллар босгосон “Saudi Aramco” компанийн IPO-ийн дүнгээс 155 хувиар өндөр дүн болж байна.

    SPACEX.png

    Албан ёсоор “Space Exploration Technologies Corporation” гэж нэрлэгддэг тус компани IPO-ийн үнээр нэмэлт 83.3 сая ширхэг хувьцаа худалдан авах хуваарилалтын эрхийг андеррайтераар ажилласан банкнууддаа олгосон байна. Хэрэв тус эрхийг бүрэн хэрэгжүүлбэл хэлцлийн нийт хэмжээ ойролцоогоор 86 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

    Хэрэв IPO-ийн үнээр тооцвол “SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээ 1.77 их наяд ам.доллар хүрч байна. Харин тус компанийн ажилтнууддаа олгосон хувьцааны опцион болон хязгаарлалттай хувьцаануудын эрхийг нэмээд тооцвол компанийн үнэлгээ хангалттай 1.8 их наяд орчим ам.доллар хүрч байгаа аж. Ингэснээр олон улсын хэмжээнд зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 10 компанийн нэг боллоо.

    Арилжаанд оролцсон жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын дундах Илон Маскийн дэмжигчдийн бааз энэ хэлцлийн чухал хэсэг болсныг шинжээчид онцолж байна. Тэд “SpaceX”-ийн хувьцааг худалдан авах захиалгыг 100 тэрбум ам.доллароос давсан хэмжээгээр өгснийг эх сурвалжууд пүрэв гарагт мэдээллээ. Энэ нь жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад зориулан нөөцөлсөн нийт хувьцааны 20 хувиас хол давсан дүн юм. Харин үүнээс өмнө мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон хувьцаанд захиалга нь нийлүүлэлтээсээ даруй дөрөв дахин давсан байна.

    Мөн биржийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой “SpaceX”-ийн хувьцаа “Nasdaq 100 Index” болон FTSE RUSSEL зэрэг жишиг индексэд хурдан бүртгэгдэх давуу тал олгож байна. Тус компанийн хувьцааг Нью-Йоркийн Хөрөнгийн биржид “SPCX” үсгэн кодоор бүртгэж арилжааг эхлүүлнэ.

    “SpaceX” нь хиймэл оюуны салбарын тэргүүлэгч компаниудад чиглэсэн хөрөнгө оруулагчдын хүчтэй эрэлтийг ашиглахаар хүлээгдэж буй гурван томоохон IPO-ийн эхнийх нь болж буйгаараа онцлог. Тус компанийн хиймэл оюуны өрсөлдөгчид болох “Anthropic PBC” болон “OpenAI” энэ ондоо багтан IPO хийх төлөвтэй байна.

    12-1.JPG

    “SpaceX”-ийн IPO-ийн үнийг тогтоосны дараа Илон Маскийн хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 275 тэрбум ам.доллароор нэмэгдэж, нийт 970.5 тэрбум ам.доллар орчим хүрлээ. Ингэснээр анхны ам.долларын их наядтан болоход тун ойртоод буй.

    Түүний хөрөнгө “Bloomberg”-ийн тооцдог тэрбумтнуудын индексэд хоёрдугаарт бичигдэж буй “Google” компанийн Гүйцэтгэх захирал асан Ларри Пэйжийнхээс 600 гаруй тэрбум ам.доллароор буюу гурав дахин их байна.

    “SpaceX”-ийн нэгж хувьцаа бүр 135 ам.доллар гэж тооцоход Илон Маскийн тус компанид эзэмшиж буй хувь, опционууд нийлээд  688 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

    Түүнчлэн тэрбээр “SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээг 7.5 их наяд ам.доллар хүргэх, жилд 100 тераватт тооцооллын хүчин чадал нийлүүлэх дата төвүүдийг сансарт байгуулж дуусгах, мөн Ангараг гарагийг хамгийн багадаа нэг сая оршин суугчтай болгох зэрэг амлалтаа биелүүлбэл 1.3 тэрбум ам.доллар хүртэлх “Class B” хувьцаа нэмж авах эрхийг компаниас нь олгоно.

    IPO-ийн захиалгыг хааж, хуваарилалт бүрэн дууссаны дараа Илон Маск компанийн хувьцаа эзэмшигчийн саналын эрхийн 84 хувийг хянах эрхтэй болох юм. Мөн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд тэрбээр ямар ч хувьцаа зарах боломжгүй.

    “SpaceX”-ийн компанийн засаглалын бодлого нь түүнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдээ үндсэндээ өөрөө сонгох боломж олгож буй. Өөрөөр хэлбэл Гүйцэтгэх захирлын албан тушаалаас тэрбээр зөвхөн өөрөө өөрийгөө л огцруулах боломжтой гэсэн үг юм.

    Cэтгэгдэл бичих