
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2027 онд 57.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх бол 2028-2029 онд 63.6 их наяд төгрөгт хязгаарласнаар дотоодын нийт бүтээгдэхүүний 50-45 хувьтай тэнцэхээр тооцоолж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан.
Засгийн газар томоохон төслүүдээ эрчимжүүлэх үүднээс төсвөөс гадуур нэг удаагийн хуулиар гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлж байгаагаас гадна орон нутаг гадаад дотоодоос бонд босгож буй зэрэг нь өрийн эрсдэлийг нэмэгдүүлж, төсөв мөнгөний бодлогыг алдагдуулах эрсдэлтэй. Иймд төсөвт тодотгол хийхдээ гадаад зээллэг, өртэй холбоотой асуудалд онцгой анхаарах нь чухал байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч Р.Даваадорж онцолж байсан юм.
Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт шинээр авах гадаад зээлийн санхүүжилтийг эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон инженерийн дэд бүтцийн төслүүд рүү чиглүүлнэ. Болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх үүднээс аймаг, нийслэлийн үнэт цаас болон засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийг хязгаарлана. Мөн улсын төсвөөс төлөгдөх нөхцөлтэй өрийн бичиг шинээр гаргахгүй байх арга хэмжээ авахаар тусгасан юм.
Тавдугаар сарын эцсийн байдлаар нийт гадаад өр 38.5 их наяд төгрөг байгаагаас 13.8 их наяд төгрөгийн гадаад зээлийн үлдэгдэлтэй байгааг Сангийн сайд мэдээллээ.