
Зургийг: ParliamentMN
Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.
Монгол Улс өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын хувь хангалтгүй. Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2025 онд 184 улсаас 69 дүгээр эрэмбэлэгдсэн. Үүний дотор Бизнесийн эрх чөлөө үзүүлэлтээр 76 дугаарт, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлтээр 114 дүгээрт эрэмбэлэгдэж “хязгаарлагдмал” гэж үнэлэгдсэн.
Иймд бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа дахь төрийн оролцоог бууруулах, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэхийг зорьж буй. Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртал, албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтай байдлыг багасгах юм.
Хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг 97 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх тэгш байдлыг хангах, гадаадын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, 120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох хугацааг сунгах зэрэг зохицуулалт тусгажээ.