
Зургийг: Макс Групп
Эрчим хүчний хүчин чадлын хомсдол Монгол Улсын гол сорилтуудын нэг хэвээр байгаа энэ үед шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалт хамгийн их шаардлагатай бүс нь баруун бүс болоод байна.
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны мэдээлснээр 2025 онд Алтай-Улиастайн нэгдсэн сүлжээний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс худалдан авсан эрчим хүч өмнөх оноос 58.3 хувиар өсжээ. Түүнчлэн баруун бүсийн нэгдсэн сүлжээний нийт хэрэгцээний 79.6 хувийг импортоор хангасан байна.
Энэхүү чухал цаг үед “Макс Групп” Говь-Алтай аймгийн Төгрөг сумд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, шав тавилаа.
2.16 тэрбум КВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай дээрх төсөл ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системд тулгараад буй 150-180 МВт-ын хүчин чадлын дутагдлыг нөхөж, баруун бүсийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг нэмэгдүүлэх түүхэн ач холбогдолтой байх юм.
Төслийн стратегийн ач холбогдол нь зөвхөн эрчим хүч нийлүүлэхэд бус импортын хамаарлыг бууруулахад оршиж байна. Шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдал сайжирч, импортын эрчим хүч худалдан авахад зарцуулдаг валютын урсгалыг дотооддоо үлдээх боломж нэмэгдэхээр байгаа юм.
Эрчим хүчний найдвартай хангамж нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөл болдог. Говь-Алтай аймагт өнөөдрийн байдлаар 5368 өрх, 325 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа бөгөөд хэрэглээ цаашид өсөх төлөвтэй. Тиймээс шинэ эх үүсвэр бий болох нь зөвхөн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн хэрэглээг хангахаас гадна үйлдвэрлэл, уул уурхай, үйлчилгээний салбарын өргөжилтийг дэмжих ач холбогдолтой.
Төслийн бүтээн байгуулалтын үед 1600 гаруй түр ажлын байр бий болох бол ашиглалтад орсны дараа 500 гаруй байнгын ажлын байр шинээр бий болохоор төлөвлөгджээ.
Үүний зэрэгцээ “Макс Групп” сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд батарей хуримтлууртай хосолсон таван МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа онцоллоо.