
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ дотоодын хиймэл оюуны салбарынхаа хөгжлийг эрчимжүүлж, технологийн ахиц дэвшлээр АНУ-ыг гүйцэх зорилтын хүрээнд ирэх таван жилд хэрэгжүүлэх дата төвийн бүтээн байгуулалтын төслүүдэд хоёр их наяд орчим юань буюу 295 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо тэргүүтэй Засгийн газрын гол агентлагууд орон даяар холбогдсон тооцооллын төвүүдийн сүлжээ байгуулах анхдагч төлөвлөгөө боловсруулж байгааг ойрын эх сурвалжаас “Bloomberg”-т мэдээлсэн байна.
Дата төвүүдийн үйл ажиллагаа, холболт, дэд бүтцийн ажлыг “China Mobile”, “China Telecom” зэрэг Төрийн өмчит компаниуд хариуцах бол хиймэл оюуны чип зэрэг технологийн нийлүүлэлтийн дор хаяж 80 хувийг “Huawei Technologies” зэрэг дотоодын компаниудаас хангахыг зорьж байгааг мөн онцолжээ. Ингэснээр “Nvidia”, “Advanced Micro Devices” зэрэг өнөөгийн тэргүүлэх чип үйлдвэрлэгчдийг зах зээлээсээ шахан гаргах нөхцөл бүрдэх юм байна.
Энэхүү нүсэр төлөвлөгөө нь БНХАУ-ын хиймэл оюуны хөгжлийн ирээдүйн суурийг тавих чиглэлд Бээжингээс хэрэгжүүлж буй хамгийн өргөн хүрээтэй санаачилга болж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас энэ оны эхээр зарласан “Зургаан сүлжээ” хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг нь энэ бөгөөд дата төвд ашиглах ус, эрчим хүч зэрэг нэн чухал бүхий л дэд бүтцийг хамрахаар байгааг мэдээлжээ.
Харин санхүүжилтийг 10 жилээс дээш урт хугацаанд төлөгдөх Засгийн газрын тусгай зориулалтын бондуудаар голчлон бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн стратегийн хөрөнгө оруулалтын Төрийн сан, банкны зээл, хувийн хэвшлээс дайчилсан хөрөнгө зэргээр санхүүжилтэд нь хувь нэмэр оруулах аж.