logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “SpaceX”, “Anthropic”, “OpenAI” компаниуд мега IPO-ийн түүхийг шинээр бичнэ
    Carmen Reinicke
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 10 11:33
    640

    Зургийг: Joe Raedle/Bloomberg

    (Bloomberg) -- Технологийн салбарын томоохон IPO-үүдийн түүхэн замналаас харвал хувьцаанууд нь хоёрдогч зах зээлийн арилжаанд орсноос хойших эхний нэг жилдээ ихэвчлэн уналттай байдаг. Хэдий тийм боловч “SpaceX”, “Anthropic”, “OpenAI” зэрэг удахгүй болох IPO-үүдийн хэмжээ болон зах зээлд үзүүлэх системийн нөлөө нь өмнөх жишигтэй шууд харьцуулахад хүндрэлтэй болгож буйг “Franklin Templeton Investment Solutions” хөрөнгө оруулалтын компани мэдээллээ. Гэхдээ "Богино хугацаандаа эдгээр аварга IPO зах зээлийн гол индексүүдэд эзлэх жингээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ч хүчтэй татна" гэж тодотгож байна.

    MEGA-TECH.png

    Хөрөнгө оруулалт менежментийн “Truist Wealth” компани сүүлийн 15 жилийн хугацаанд болсон технологийн салбарын 30 томоохон IPO-д дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны дүнгээр эдгээр компанийн хувьцаа арилжаалагдаж эхэлснээс хойших эхний нэг жилд дунджаар ханш нь хамгийн ихдээ 55 хувиар унажээ. Мөн зургаан сарын дараах өгөөж нь сөрөг тал руугаа хэлбийх хандлагатай байсныг тооцоолсон аж.

    Хэдий тийм боловч одоо хүлээгдэж буй нүсэр хэмжээтэй гурван IPO тус бүрдээ нэг их наяд ам.доллар давсан, эсвэл тус босгод ойртсон зах зээлийн үнэлгээг бий болгох хүлээлттэй байна. Одоогоор “S&P 500 Index”-д зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар давсан ердөө 11 компани багтаж байгаа юм.

    Түүнчлэн “Alphabet”, “Meta Platforms”, “Amazon” болон “Microsoft” компанитай харьцуулахад зөвхөн технологийн хөрөнгө оруулалтад төвлөрөөгүй. Хагас дамжуулагч, эрчим хүч, барилга зэрэг олон салбарын орлого, хувьцааны ханшид дэмжлэг болж буйгаараа онцлогтой. Түүнчлэн “SpaceX”, “Anthropic”, “OpenAI” нь аль хэдийн хиймэл оюуны салбарын тэргүүлэгчид гэж үнэлэгдэж байгаа бөгөөд цаашид ч энэ байр сууриа улам бататгах төлөвтэй.

    Тиймээс хөрөнгө оруулагчдын дунд эдгээр мега IPO-ийн хувьцааг хэзээ худалдаж авах вэ гэдэг нээлттэй асуулт байсаар байна.

    Northwestern Mutual Wealth Management: “Google, Facebook-ийн хувьцаанаас урт хугацаанд өгөөж хүртэхийн тулд IPO-д нь заавал оролцох шаардлага байгаагүй. Эхний өдөр худалдаж аваагүй байлаа гээд зургаан сар, нэг жилийн дараа авахад сайн хөрөнгө оруулалт болох боломжгүй гэсэн үг биш. Гэхдээ IPO хийсний дараахан хувьцааг нь худалдаж авах нь хөрөнгө оруулагчдын хувьд тухайн хувьцаанд оролцох хамгийн оновчтой арга гэсэн үг бас биш юм” гэж тодотгож байна.

    Томоохон IPO-үүд богино хугацаанд шил даран гарахаар хүлээгдэж буй нь 1990-ээд оны сүүл үеийн дот-комын эрин үеийг санагдуулж байна. Тиймээс одоо үүнтэй төстэй өсөлтийн дараах уналтын мөчлөг давтагдаж болзошгүй гэх болгоомжлол зах зээлд үүсээд байгаа юм.

    Технологийн салбарын томоохон гурван компанийн IPO арилжаанд орсноос хойших эхний нэг жилд хувьцаануудын ханш нь хэрхэн хөдөлсөн, мөн урт хугацааны гүйцэтгэл нь ямар байсныг доорх графикуудаар харууллаа.

    Meta Platforms

    FB-IPO.png

    2012 онд “Facebook” нэртэйгээр IPO хийсэн “Meta Platforms” компанийн хувьцааны ханш арилжааны эхний өдөртөө тааруу, эхний жилдээ ч хүндрэлтэй байлаа. IPO-ийн ханш нь 38 ам.доллар байсан бөгөөд бирж дээр хоёрдогч зах зээлийн арилжааг 42 орчим ам.доллароос эхлүүлсэн ч удалгүй өсөлтөө алдаж, бараг өөрчлөлтгүй хаагдаж байв. Дараагийн 12 сарын хугацаанд ханш нь 30 гаруй хувиар унасан ч хожим огцом өсөж, өнөөдөр IPO-ийн үнээсээ 1400 гаруй хувиар эрчимжээд байна.

    Tesla

    TESLA.png

    Илон Маскийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla Inc.” IPO-ийн дараа хувьцааны арилжаа нь маш өндөр савлагаатай байсны тод жишээ болдог. Тус компанийн хувьцаа 2010 оны зургаадугаар сард биржид гарсныхаа дараах хэдэн сард өсөх, буурах чиглэл нь тодорхойгүй хэлбэлзэж байгаад XI, XII сард өссөн ч дараа нь дахин суларсан байна.

    IPO хийснээс хойших 12 сарын дараа хувьцааны ханш нь 18 хувиар өсөөд байсан ч тухайн үед “S&P 500 Index”-ээс хоцорч, өмнөх дээд түвшнээсээ нэлээд доогуур арилжаалагдаж байв.

    Мэдээж “Tesla”-ийн хувьцааны ханш өндөр савлагаагаа үргэлжлүүлсэн ч энэ нь тус хувьцааг өндөр өгөөж үзүүлэхэд саад болоогүй ба IPO хийснээсээ хойш ханш нь 25 мянга гаруй хувиар өсөөд байна.

    CoreWeave

    COREWEARE.png

    “CoreWeave Inc.”-ийн хувьцааны ханш 2025 оны гуравдугаар сард IPO хийснээсээ хойш 150 гаруй хувиар өсөөд буй ч өсөлтийн зам нь огтхон ч дардан байсангүй. Үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч тус компанийн IPO-ийн зорилтот түвшнийг биржид гаргахаас өмнө багасгах шаардлагатай болсон аж. Үүнээс болж хөрөнгө оруулагч “Nvidia Corp.” хэлцлийг дэмжиж оролцохоос аргагүй болж байв.

    Дараа нь тэрхүү хувьцаа анхны арилжаагаа IPO-ийн 40 ам.долларын үнээс доогуур эхлүүлж, тухайн өдрийн арилжааг мөн адил 40 ам.долларт хаасан юм. Харин түүнээс хойш ханшийнх нь чиглэл өөрчлөгдөж, 2025 оны зургаадугаар сард хувьцааны ханш нь 400 гаруй хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрчээ.

    Гэвч өнгөрсөн оны зун энэхүү өсөлтийнхөө тал орчмыг алдсанаас хойш ханш нь огцом өсөлт, уналтаар ээлжилсэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Одоогоор “CoreWeave”-ийн хувьцааны ханш дээд түвшнээсээ 44 хувиар доогуур түвшинд арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих