logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улсын эдийн засаг I-IV сард өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 10 09:50
    381

    Зургийг: Э.Тэнгис

    Улирлын нөлөөллийг арилгасан дүнгээр эдийн засаг IV сард өмнөх сараас 0.8 хувиар өсөв

    Монгол Улсын эдийн засаг оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өслөө. Уул уурхай олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 30 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлсэн байна. Мөн хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 11.4 хувиар, үйлчилгээний салбарынх 4.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    7.8 нэгж хувийн дөрвөн нэгж хувийг уул уурхай, 2.1 нэгж хувийг үйлчилгээ, 1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн байна.

    10-1.JPG

    2026 онд эдийн засгийн бодит өсөлт 5.7 хувь орчим, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 100 их наяд төгрөг давна гэж Засгийн газар тооцоолж буй. Энэ онд нүүрсний экспортыг 95 сая тонн хүргэхийг зорьж байгаа ч БНХАУ-д эрэлт нэмэгдсэнээр нүүрсний экспорт 100 сая тонн давах төлөвтэйг “Bloomberg Intelligence” тооцоолсон байна.

    10-2.JPG

    Олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсын эдийн засаг 2026 онд дунджаар тав орчим хувиар өсөх төсөөллийг танилцуулсан юм. Тухайлбал: Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 5.5 хувь, Дэлхийн Банк таван хувь, Азийн Хөгжлийн Банк 5.1 хувиар өсөх төсөөлөл танилцуулаад байна.

    10-3.JPG

    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк “Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө 2026-2027 онд бүс нутагтаа тэргүүлэх төлөвтэй. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар гол нөлөөтэй” гэж мэдээлсэн бол Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн Банк өсөлтийн төсөөллөө буурууллаа.  Геополитикийн тодорхойгүй байдал, инфляцын өсөлт нь эдийн засгийн өсөлтөд сорилт болохоор байгааг тодотгосон юм.

    Cэтгэгдэл бичих