
Зургийг: С.Батсайхан
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зэсийн АМНАТ-ийг дэлхийн жишигт нийцүүлснээр 2028 оноос зургаа, 2030-2032 онд 13 төсөл шинээр ашиглалтад орох боломжтойг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд мэдээллээ.
Үр дүнд нь хөрөнгө оруулалт 5.7 их наяд төгрөг, АМНАТ-ийн орлого дөрвөн их наяд гаруй төгрөгөөр нэмэгдэж, 7000 орчим ажлын байр бий болно гэж тооцоолсон байна. Ингэснээр Монгол Улсын зэсийн үйлдвэрлэл ойрын 10 жилд 32 хүртэл хувиар өсөх юм.
Хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг одоогийнхоос 2-3 дахин бууруулах буюу зэсийн зах зээлийн үнэ, боловсруулалтаас хамаарч суурь таван хувь дээр 15 хувь хүртэлх нэмэлт төлбөр ногдуулахаар тусгажээ.
Одоогоор “Оюу Толгой” тогтворжуулах гэрээгээр таван хувийн АМНАТ төлж байгаа бол “Эрдэнэт үйлдвэр” 21.6 хувийг төлдөг.
“Entrée Resources”-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар хэлэлцээр хийх гэж буй энэ үед зэсийн АМНАТ-ийг бууруулах нь зохисгүй гэдэг байр суурийг УИХ-ын зарим гишүүн хэлж буй. Иймд “Entrée Resources”-тэй хийх хэлэлцээр дуустал өөрчлөлт оруулахгүй байхаар УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгдсэн байна.
Үүнээс гадна хуулийн төсөлд хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор Орон нутгийн хөгжлийн санд хуваарилж буй АМНАТ-ийн орлогыг 15 хувь болгон нэмэгдүүлж, үүний дийлэх буюу есөн хувийг сумд хуваарилахаар тусгажээ.
Хайгуул судалгааны ажилд хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс гэрээгээр зөвшөөрөл олгохоор зохицуулсан. Тусгай зөвшөөрлийг 12 жилээр олгож байгааг зургаан жил болгож, лицензийн төлбөрийг нэмэгдүүлэх зэрэг гол өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан байна.
Үүнээс гадна Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 30 гаруй хувийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “Entrée” компанитай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэхээр төлөвлөж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Хөрөнгө оруулалтын гэрээг “Orano Mining”-тай байгуулсан гэрээний жишгээр буюу Төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-өөр орлуулах, өгөөжийн 51 хувийг Монгол Улсад ногдох байдлаар шийдвэрлэх боломжтойг мэдээлэв.
Үүний зэрэгцээ Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр үргэлжилж буй бөгөөд ирэх додоо хоногоос “Rio Tinto”-оос хэлэлцээрийн баг ирэх төлөвтэй байна. Зээлийн хүүг бууруулах асуудлаар талууд хэд хэдэн удаа уулзсан ч нөхцөлүүд дээрээ хатуу байр суурь илэрхийлж байгааг Cангийн сайд мэдээлсэн юм.