
Зургийг: Na Bian/Bloomberg
(Bloomberg) -- Уурхайн ноцтой ослын дараа аюулгүй байдлын хяналт шалгалт чангарсантай холбоотойгоор БНХАУ-д коксжих нүүрсний үнэ 2024 оноос хойших дээд түвшинд хүрч өслөө.
Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний фьючерс үнэ даваа гарагт 1.9 хүртэлх хувиар өсөж, тонн нь 1486.5 юань буюу 2024 оны аравдугаар сараас хойших дээд цэгтээ хүрээд эргэн буурсан байна. Харин энэ сард тус бирж дэх үнэ 14 хувийн өсөлттэй байгаа юм.
Өнгөрсөн сарын эцсээр БНХАУ-ын нүүрс олборлолтын төв Шаньси муж дахь хувийн компанийн Люшэньюү уурхайд хий дэлбэрснээр багадаа 82 уурхайчин амь үрэгдсэн нь улс даяар уурхайн аюулгүй байдлын шалгалт эрс чангарахад хүргэжээ. Тус мужийн нүүрсний зарим уурхай хаалттай хэвээр байгаагаас нийлүүлэлтийн саатал үүсгэх болсон байна.
"Шаньси дахь нүүрс олборлолт таамаглалын дагуу төдийлөн сэргэхгүй байна. Аюулгүй байдлын хяналт эрчтэй явагдаж байгаагаас спот зах зээлд хомсдол үүсгэж байна" хэмээн "Horizon Insights"-ийн ахлах шинжээч Бу Тон өгүүлжээ.
"Horizon Insights"-ийн тооцооллоор баасан гарагийн байдлаар БНХАУ-ын нүүрс олборлолтын жилийн хүчин чадлын 60 сая орчим тонныг эзлэх олборлолтын үйл ажиллагаа саатаад байгаа аж. Мөн сүүлд үйл ажиллагаагаа сэргээсэн уурхайнууд ослын өмнөхөөс 20-30 хувиар бага хүчин чадлаар олборлолт явуулж буйг мэдээлжээ.