
Зургийг: Э.Тэнгис
Гадаад худалдааны бараа эргэлт эхний таван сарын байдлаар 13.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар өслөө. Экспортын дүн импортоос 3.5 тэрбум ам.доллароор давснаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Тайлант хугацаанд 8.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Нийт үнийн дүнгийн 45 хувь буюу 3.8 тэрбум ам.доллароор зэсийн хүдэр, баяжмал экспортолсон бол 3.2 тэрбум ам.доллароор 47 сая тонн нүүрс экспортолсон бол 2.5 тонн алтыг 406 сая ам.доллароор борлуулжээ.
2026 онд 90 гаруй сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллароор экспортлохоор төлөвлөсөн бөгөөд оны эхний таван сарын байдлаар зорилтынхоо 50 орчим хувийг гүйцэтгэж, тонн тутмыг нь дунджаар 68 ам.доллароор нийлүүлсэн байна.
Импортын үзүүлэлтийг харвал нийт 4.9 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үеэс найман хувиар өслөө. Үүнээс 1.2 тэрбум ам.доллароор нь нефтийн бүтээгдэхүүн худалдан авсан байна. Бүх төрлийн автобензин, дизель түлшний импорт мөн өсжээ.
Харин суудлын автомашины импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 мянгаар буурч, тайлант хугацаанд нийт 32 мянга 500 гаруйг импортолсон байна.
Газрын тосны бүтээгдэхүүн болон зарим өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортын үнийн өсөлт нь инфляцад нөлөө үзүүлж байгаа юм. Мөн төсвийн урсгал зардлын өсөлт нь импортын өсөлтийг дэмждэг болохыг Монголбанкны судалгаанд танилцуулж байв.