
Зургийг: ParliamentMN
Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах, мөн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгт ногдох татварыг 100 хувь хөнгөлж, буцаан олгохоор тусгасан хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээд байна.
Засгийн газраас өргөн барьсан хуулийн үзэл баримтлал нь бага орлоготой иргэдээ дэмжихэд илүү чиглэж байгааг мэдээллээ. Харин ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төсөл нь татвар төлж буй нийт иргэний татварын ачааллыг бууруулах зорилготой гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа.
Статистик мэдээллээс харвал ХХОАТ-ын 75-80 орчим хувийг цалин хөлсний орлого бүрдүүлж байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар төсөвт 2.5 их наяд төгрөгийн орлогын албан татвар төвлөрснөөс буцаан олголтыг оруулсан дүнгээр 39.2 хувийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.
Мөн Засгийн газар хуулийн төсөлд Монгол Улсын иргэн таваас доошгүй жил амьдарсан өөрийн өмчийн орон сууцаа анх удаа худалдсан бол үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогын хоёр хувийн татвараас чөлөөлнө. Хялбаршуулсан горим буюу нэг хувиар татвар төлөх босгыг нэг тэрбум төгрөгөөр тогтоохоор хуулийн төсөлд багтаажээ. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн шатанд нэгтгэх нь зүйтэй гэж УИХ үзэж байгаа юм.