
Зургийг: ParliamentMN
Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлтэй хамт 99 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан бөгөөд дийлэнх нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэжээ.
Энэ хүрээнд гадаадын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Ерөнхий сайд мэдээллээ. Гадаадын банкны салбарыг Монгол Улсад нээх талаар БНСУ-аас хоёр байгууллага болон Унгарын OTP банк хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.
Банк, санхүүгийн байгууллагууд хямд эх үүсвэр татахад дэмжлэг үзүүлэх, зээлийн хүүг бууруулах зорилгоор суутган татварыг таван хувь болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн Төрөөс олгодог 120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх, дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбар дахь ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт багтжээ.
Ялангуяа тусгай зөвшөөрлийг таван жил байгааг 10 жил, энгийн зөвшөөрлийг гурван жил байгааг таван жилээр олгодог болохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт Монгол Улсад оруулсан тохиолдолд татварын орчныг 20 хүртэлх жилээр тогтворжуулахаар хуулийн төсөл боловсруулж буйг мэдээллээ.