
Зургийг: Ian Maule/Bloomberg
Харин өдгөө хиймэл оюуны салбарт орж буй үер мэт хөрөнгө оруулалтын ачаар "Dell", "Nokia", "Lenovo" зэрэг эртний танил компаниуд маань эргэн хурдтай сэргэж байна.
Хиймэл оюуны дэд бүтцийн эрчтэй бүтээн байгуулалт нь компьютерын сервер, сүлжээний тоног төхөөрөмж, хадгалах төхөөрөмжийн эд ангиас авхуулаад хуучны үеэ өнгөрөөсөн чипүүд хүртэлх бүхий л бүтээгдэхүүний эрэлтийг огцом өсгөөд буй. Үр дүнд нь эдгээр талбарт тодорхой хамаарал бүхий ямар ч компанийн хувьцаа хөрөнгийн зах зээлд цойлох хандлага газар авах болов. Өсөлтийн шинэхэн давлагаанд 1990-ээд оны асар нэр хүндтэй, тухайн үедээ өнөөгийн "Гайхамшигт 7"-той дүйх хэмжээнд яригдаж байсан "Дөрвөн морьтон" (Four Horsemen) гэгдэх компаниуд оройлон нэгджээ.
"Dell", "Nokia", "Lenovo"-оос гадна "дот-ком"-ын үеийн шилдгүүдийн төлөөлөл "Micron Technology", "Intel", "Texas Instruments" болон "Cisco Systems" компанийн хувьцааны ханш энэ онд огцом өссөн байна. Эдгээр долоон компанийн хувьцааны ханш 2026 онд дунджаар 158 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээгээ 1.7 их наяд ам.доллароор нэмэгдүүлжээ.
Ингээд хиймэл оюуны эринд "дахин төрж", хөрөнгийн захыг доргиож буй тэдгээр компанийн заримыг танилцуулъя.
Dell
"Dell"-ийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 33 хувиар өсөж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй нэг өдрийн өсөлтөө бүртгэлээ. Суурин болон зөөврийн компьютерын бизнесээрээ танигдсан тус компанийн хиймэл оюунт серверийн эрэлт эрс өссөнийг шинэ тайлан нь харуулсан тул хөрөнгө оруулагчид хувьцааг нь авахаар яарсан байна.
Энэхүү өсөлт нь "Dell"-ийн 1990-ээд оны сүүлээр тохиосон алтан үеийг санагдуулж буйг шинжээчид хэлж байна. Тухайн үед компанийн хувьцаа гурван жил дараалан жил бүр 200 гаруй хувиар өсөж байв. Гэсэн ч дот-комын хөөс хагарсны дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ 80 гаруй хувиар унаж, улмаар 2013 онд нээлттэй зах зээлээс гарч, хаалттай компани болсон юм.
Харин "Dell" 2018 оны эцсээр биржид дахин бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр компанийн зах зээлийн үнэлгээ нь 2000 оны гуравдугаар сард хүрч байсан 148 тэрбум ам.долларын оргил түвшнээсээ даруй 125 тэрбум ам.доллароор давжээ.
Lenovo
"Lenovo Group" 2005 онд "International Business Machines" (IBM)-ийн компьютерын бизнесийг худалдан авснаар дэлхийн технологийн салбарын гол тоглогчдын эгнээнд орж ирсэн юм. Хэлцлийн хүрээнд бизнес ангиллын зөөврийн компьютерын алдарт брэнд "ThinkPad"-ийг үйлдвэрлэх эрхийг эзэмшсэнээр хожим дэлхийд тэргүүлэх PC үйлдвэрлэгч болох сууриа тавьжээ.
Хэдийгээр компьютерын салбар багагүй олон жилийн турш агших чиг хандлагатай байсан ч БНХАУ-д төвтэй "Lenovo" хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээний бизнесээ эрчимтэй тэлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд орлогоо 20 хувиар өсгөсөн бөгөөд нийт борлуулалтынх нь бараг 40 хувийг хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдүүлжээ.
"Lenovo"-ийн хувьцааны ханш зөвхөн тавдугаар сард 105 хувиар өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна. Энэ нь тус компанийн хувьд сүүлийн 25 гаруй жилийн хамгийн өндөр өсөлттэй сар болсон байна. Харин он гарсаар 159 хувиар өссөнөөр Хонконгийн "Hang Seng Index"-ийн хамгийн өндөр өгөөжтэй хувьцаагаар нэрлэгдээд байна.
Nokia
Финландын "Nokia" 2000-аад онд дараалсан хоёр том цохилтод өртөж байлаа. Эхлээд харилцаа холбооны салбарын өсөлтийн мөчлөг гэнэт дуусгавар болсон бол удалгүй гар утасны бизнес нь ухаалаг утасны хувьсгалд зайгаа тавьж өгсөн юм. Нэгэн цагт 300 тэрбум еврогийн зах зээлийн үнэлгээтэй байсан компанийн хувьцааны ханш 2012 он гэхэд оргил түвшнээсээ 98 хүртэл хувиар унаад байв.
Улмаар "Nokia" 2014 онд гар утасны бизнесээ "Microsoft"-д худалдсаныхаа дараа харилцаа холбоо, сүлжээний тоног төхөөрөмжийн бизнест төвлөрч, өөрийгөө шинээр бүтээсэн байна. Хэдий тус салбар гар утасны зах зээл шиг олны анхааралд төдийлөн өртдөггүй ч компанийн шинэ өсөлтийн суурь болж чаджээ.
2025 онд компани АНУ-ын шилэн кабелийн сүлжээний технологийн компани "Infinera"-ийг худалдан авсан нь одоогийн сэргэлтэд нь томоохон түлхэц болжээ. Тэрхүү хэлцэл нь хиймэл оюуны дата төвүүд олноор байгуулагдаж, тооцооллын кластеруудын хоорондох өндөр хурдтай холболтын эрэлт эрчимтэй өсөж байсан үетэй давхацжээ.
"Nokia"-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 124 гаруй хувиар өсөж, Европын "Stoxx Europe 600 Index"-д өсөлтөөрөө дөрөвдүгээрт жагсах хувьцаа болоод байна. Гэсэн ч хувьцааны ханш нь дот-комын үеийн оргил түвшиндээ хараахан хүрч чадаагүй бөгөөд түүхэн дээд хаалтын ханшнаасаа одоо ч 80 гаруй хувиар доогуур түвшинд арилжаалагдаж байна.
Cisco Systems
Технологийн хуучны аваргуудын сэргэн мандалтыг "Cisco Systems" шиг тод илэрхийлэх компани ховор. Сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч тус компани дот-комын хөөсрөлт оргилдоо хүрч байсан үед салбарынхаа нүүр царай болж, 2000 онд богино хугацааны дотор дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байв.
Харин өнөөдөр "Cisco" уламжлалт сүлжээний бизнесээс хиймэл оюуны дэд бүтэц рүү шилжиж, бизнесийн загвараа шинээр тодорхойлжээ. Энэ өөрчлөлтийн үр дүн нь өнгөрсөн сарын эхээр танилцуулсан санхүүгийн тайлангаас тодорхой харагдсан бөгөөд компани санхүүгийн IV улирлын орлогын төсөөллөө нэмэгдүүлж, хиймэл оюунд төвлөрөх стратегийн хүрээнд ажлын байрын цомхотгол хийх төлөвлөгөөгөө зарласан юм.
Эдгээр үзүүлэлт нь компанийн өсөлт дахин эрчээ авч байгааг харуулсан хамгийн сүүлийн үеийн дохио болж байна. Ялангуяа өнгөрсөн онд эхэлсэн хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн өсөлт "Cisco"-ийн хувьцааг шинэ өндөрлөгт хүргэж, улмаар 2000 оны гуравдугаар сард хүрч байсан түүхэн дээд түвшнээ анх удаа эвдэхэд нөлөөлжээ.
"Cisco"-ийн хувьцаа 2026 он гарсаар 56 хувиар өсөөд байгаа бөгөөд энэ хурдаа хадгалбал жилийн өгөөжөөрөө "Nasdaq 100 Index"-ийг 2006 оноос хойших хамгийн өндөр хувиар давах төлөвтэй.
Intel
Хоёр ч хүрэхгүй жилийн өмнө олон хөрөнгө оруулагчид "Intel"-ийг нэгэнт найдваргүй болсон хэмээн хаяж байлаа. Үйлдвэрлэлийн доголдол, технологийн хоцрогдол нь нэгэн цагт хагас дамжуулагчийн салбартаа тэргүүлж байсан тус компанийн нэр алдрыг бүдгэрүүлсэн юм.
Компанийн сэргэлтийн зам тийм ч дардан байсангүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд "Intel" дөрвөн өөр Гүйцэтгэх захирлын нүүр үзсэн бөгөөд удирдлагын тогтворгүй байдал нь компанийн гол сорилтуудын нэг байв.
Одоогийн гүйцэтгэх захирал Лип Бу Тан өнгөрсөн онд томилогдох үед "Wall Street"-ийн зүгээс түүнд ам сайтай байсан ч хэдхэн сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг ажлаа өгөхийг шаардаж байлаа. Гэтэл нөхцөл байдал богино хугацаанд өөрчлөгдөж, улмаар АНУ-ын Засгийн газар тус компанид хөрөнгө оруулалт хийснээр "Intel"-ийн ирээдүйд итгэх итгэл дахин сэргэжээ.
Үүний дараахан "Nvidia" компани "Intel"-д таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол энэ оны гуравдугаар сард "Intel"-ийн шинэ үеийн "Xeon" процессорууд "Nvidia"-ийн зарим системд ашиглагдаж эхэлснийг компани зарласнаар хувьцааны ханш нь дахин өссөн байна. Мөн өнгөрсөн сард танилцуулсан борлуулалтын төсөөлөл нь "Wall Street"-ийн төсөөллөөс хавьгүй өндөр гарч, хувьцааны ханшийг нь түүхэн дээд түвшинд хүргэжээ.
Энэ сарын эхээр "Intel" компани "Apple"-ийн зарим төхөөрөмжид ашиглагдах чипүүдийг үйлдвэрлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн талаар "Wall Street Journal" мэдээлсэн байна. Зах зээл энэхүү мэдээг "Intel"-ийн гэрээт чип үйлдвэрлэлийн стратеги үр дүнгээ өгч эхэлсний баталгаа хэмээн үнэлжээ. "Intel"-ийн хувьцааны ханш 2026 он гарсаар 211 хувиар өсөөд байгаа тул компанийн түүхэн дэх хамгийн өндөр өсөлттэй жил болох төлөвтэй.