logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг эцэслэн батлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 29 16:45
    223

    Зургийг: ParliamentMN

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Хуульд 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 5.8 хувь, 2028-2029 онд 6-6.3 хувь байхаар төсөөлсөн. Харин хэрэглээний үнийн индексийг ирэх онд дунджаар долоон хувь, дараагийн жилүүдэд 6-5 хувь болж буурахаар тооцоолсон юм.

    Үүнээс гадна Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2027 онд 34.8 их наяд төгрөг, зарлагын дээд хэмжээ 36.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай, суурь тэнцэл 2.28 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэхээр төлөвлөөд байна.

    Мөн Засгийн газрын өрийн дээд хэмжээ ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх буюу 57.1 их наяд төгрөг байхаар батлав.

    Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс шалтгаалсан эрсдэлүүд байгаа энэ үед макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг хуулийн дээд хязгаарт тулган тооцоолсон. Ингэснээр эрсдэл бий болох үед хариу арга хэмжээ авах орон зай хязгаарлагдмал байгааг хэлэлцүүлгийн үеэр гишүүд шүүмжилсэн. Түүнчлэн төсвийн урсгал зардал, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахад Засгийн газар бодитой алхам хийх шаардлагатайг тодотгож байлаа.

    Ойрх Дорнодын нөхцөл байдал 2026 онд намжиж, 2027 оноос зах зээл хэвийн төлөвт орно гэсэн таамагт үндэслэн энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулсан. Гэвч дунд хугацаанд инфляцын эрсдэл өндөр хэвээр байхаас гадна төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдлын мөчлөгт эдийн засгийг оруулж болзошгүй байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих