
Зургийг: NASA/Bloomberg
(Bloomberg) -- NASA саран дээр робот төхөөрөмж ашиглан байнгын ажиллагаатай бааз барих ажлыг 2027 онд эхлүүлж, 2030-аад оны эхэн үе гэхэд сансрын нисэгчид сарны гадарга дээр удаан хугацаанд амьдрах боломжтой болно гэж тооцоолж байгааг тус агентлагийн тэргүүн Жаред Айзекмэн мэдээллээ.
"Artemis 4" нислэгийн багийнхан 2028 онд саран дээр буух үед "сарны баазын зарим дэд бүтэц хэдийнээ баригдаж, тэднийг хүлээж байх болно" хэмээн Айзекмэн лхагва гарагт “Bloomberg “телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
NASA саран дээр хүн ажиллуулах бэлтгэлийг хангах гурван үе шат бүхий стратегийнхаа хүрээнд газардагч төхөөрөмж, роверуудыг сар руу хүргэх ажлыг гүйцэтгүүлэхээр “Blue Origin” зэрэг компаниудтай гэрээ байгуулаад байгаа юм. Ингэхдээ эхний нислэгүүдийн үр дүнг харж, ямар тоног төхөөрөмж хамгийн сайн ажиллахыг тодорхойлж байж саран дээрх дэд бүтцийн загварыг эцэслэн гаргах аж.
Харин 2030-аад он хүртэл хэрэгжих хоёрдугаар үе шатанд NASA хүнд тоног төхөөрөмж байршуулахад төвлөрч, сансрын нисэгчид саран дээр хэдэн долоо хоногийн турш амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллах юм байна. Эцсийн үе шатанд сансрын нисэгчид саран дээр ээлжээр олон сар суурьших буюу одоогийн Олон Улсын Сансрын Станцтай төстэй байдлаар ажилладаг болно гэж төлөвлөжээ.