
Зургийг: parliament.mn
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тэтгэврийг өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны гэсэн төрлүүдтэй байхаар хуульчилсан байдаг. Одоогоор Монгол Улсын нийт ахмадуудын 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа байна.
Зээлийн хүүг банк тогтооно гэж хуульчилж өгсөн тул ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг багасгах үүднээс Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ.
Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр бодлогын хүү дээр банкны дотоод зардлыг нэмээд тухайн банкны хамгийн бага хүүгээр тэтгэврийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна.
“Ахмад настны тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ" гэж хуульчилжээ. Хэдий тийм боловч ахмад настны нийгмийн баталгааг хангахад дан ганц орлогыг нэмэгдүүлэхээс гадна тэтгэврийн зээлийн хүүг багасгах шаардлагатай гэж төсөл санаачлагч үзсэн байна.