
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюуны тэсрэлт санах ойн чипийн үйлдвэрлэлийг удаан хугацаанд тэтгэнэ гэдэгт хөрөнгө оруулагчид өндөр найдлага тавьснаар тус салбарын компаниудын хувьцааны шуургалсан өсөлт улам эрчээ авлаа. Улмаар “SK Hynix”, “Micron Technology” компанийн зах зээлийн үнэлгээ лхагва гарагийн арилжаагаар нэг их наяд ам.доллар хүрээд байна.
БНСУ-ын биржийн лхагва гарагийн арилжаагаар “SK Hynix”-ийн хувьцааны ханш 11 хүртэлх хувиар өсөж, сүүлийн 12 сарын өсөлт нь 1000 хувь давлаа. Ингэснээр тус компани нутаг нэгт “Samsung Electronics”-ийн дараа "Их наядын клуб"-т нэгдсэн Азийн гурав дахь компани болж байна.
Харин “Micron Technology”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт 2011 оноос хойших дээд дүнгээр буюу 19 хувиар цойлж, үнэлгээ нь мөн их наяд ам.доллар хүрчээ. “UBS Group”-ийн шинжээчид тус компанийн хувьцааны ханш ирэх нэг жилд хоёр дахин өсөж магадгүй гэсэн төсөөлөл танилцуулсан юм.
Өргөн зурваст санах ойн (HBM) үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг дээрх гурван компаниас хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтын нэн чухал үе шат хамаарч байна. Тэдгээр компаниудын бүтээгдэхүүн дата төвүүдийн нийлүүлэлтийн сүлжээний хамгийн эмзэг цэгт тооцогдож буй. Хөрөнгө оруулагчид, шинжээчдийн таамаглалаар санах ойн чипийн хомсдол 2027 оны турш үргэлжилж, “Samsung Electronics”, “SK Hynix” болон “Micron Technology” компанид үнэ тогтоох онцгой эрх мэдэл очих төлөвтэй байна.
“Санах ойн чип үйлдвэрлэгчдийн хувьцаа байх ёстойгоосоо доогуур үнэлэгдсээр ирсэн. Харин одоо үнэлгээний энэ зөрүү нөхөгдөх тренд ажиглагдаж байна. Гэхдээ бид өсөлтийн дөнгөж эхний шатанд байна” хэмээн Сөүл дэх “Life Asset Management”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Кан Дэ Квун онцолжээ.
2025 оны IV улирлын байдлаар “SK Hynix” орлогоороо дэлхийн HBM-ийн зах зээлийн 57 хувийг бүрдүүлж байсан бол “Samsung Electronics", “Micron Technology” 22 болон 21 хувиар тус тус удаалсныг "Counterpoint Research"-ийн судалгаа харуулж байна.