
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын нарны эрчим хүчний шинэ суурилагдсан хүчин чадал дөрөв дэх сардаа дараалан буурсан нь дотоодод нь эрэлт сул хэвээр байгааг илтгэж байна.
Тус улсын Үндэсний эрчим хүчний агентлагийн үзүүлэлтээр дөрөвдүгээр сард нийт 9.52 гигаватт нарны эрчим хүчний хүчин чадал шинээр нэмэгджээ. Энэ нь гуравдугаар сард бүртгэгдсэн 8.91 гигаваттай харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч бодлогын өөрчлөлтийн нөлөөгөөр нарны эрчим хүч суурилуулалт эрчимжиж байсан өмнөх оны мөн үеийн 45.22 гигаваттын түвшнээс огцом буурсан дүн болж буй.
БНХАУ-д дотоодын эрэлт суларсантай холбоотойгоор дээрх дата олон жил үргэлжилсэн өсөлт үзүүлсний дараа энэ оны эхнээс буурсаар байна. Тус улсын Үндэсний статистикийн товчооны өнгөрсөн долоо хоногт танилцуулсан мэдээллээр дөрөвдүгээр сард нарны зай хураагуурын үйлдвэрлэл 26 хувиар буурчээ. Гэсэн ч өнгөрсөн сард экспорт нь харьцангуй тогтвортой түвшнээ хадгалсан байна. Тайлант хугацаанд нарны зай хураагуурын экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 60 хувиар өссөн аж.
БНХАУ хилийн чанадад нийлүүлэх нарны эрчим хүчний бүтээгдэхүүний татварын буцаан олголтыг зогсоосон бөгөөд энэ нь олон улсад эрэлтийг нь бууруулна гэж үзэж байсан ч төдийлөн нөлөөлөөгүйн илрэл болжээ.
Дашрамд дурдахад, БНХАУ дөрөвдүгээр сард салхины эрчим хүчний хүчин чадлаа 5.49 гигаваттаар, дулааны цахилгаан станцын шинэ хүчин чадлаа 3.97 гигаваттаар тус тус нэмэгдүүлсэн байна.