
Зургийг: ett.mn
Засгийн газрын тогтоолын хүрээнд нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшиж байсан хувьцаа болон хувьцаанд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг энэ оны зургаадугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашиг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан, хувьцаа эзэмшиж байсан иргэнд хамаарах аж.
Анх Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын иргэн бүрд 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байв. Түүнээс хойш 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132 мянга 203 иргэний хувьцаа байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн ногдол ашиг хуваарилалтаар нас барсан иргэдийн хувьцаанд 66 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс мэдээлсэн юм.
Хувьцаа өвлүүлэх боломжийг анх хувьцаа эзэмшүүлж эхлэх үед нь шийдвэрлэж, илүү мэргэжлийн хандах боломжтой байсныг эдийн засагчид, шинжээчид шүүмжилж буй. Мөн одоогийн болон дараагийн шатанд 1072 хувьцааны ногдол ашгийг тогтвортой цаг хугацаанд нь олгох, түүнчлэн хоёрдогч зах зээлд арилжаалах боломжийг нээлттэй болгох, хувьцаагаа зарах, үр хүүхдэдээ шилжүүлэх боломжийг нээлттэй болгох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.
Одоогийн байдлаар тус компанийн гаргасан 12 тэрбум ширхэг хувьцааны 8.8 тэрбум ширхэг буюу 73.5 хувийг Төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс Монгол" ХХК, 7.1 сая ширхэг буюу 0.06 хувийг үндэсний 488 аж ахуйн нэгжүүд. 3.1 тэрбум ширхэг буюу 26.44 хувийг Монгол Улсын 3.4 сая 8021 иргэн эзэмшиж байна.