
Зургийг: bogdbank.com
“Богд Банк” ХК Венийн Хөрөнгийн биржид гурван жилийн хугацаатай 75 сая ам.долларын бонд гаргалаа. Бондын хүүгийн түвшин 9.5 хувь, хагас жил тутамд эргэн төлөгдөх хуваарьтай байгаа юм. Андеррайтераар “JPMorgan Chase” банк ажилласан байна.
Бондын үнийн дүн цаашид өсөх боломжтой ба гол худалдан авагч тал Сингапурын хөрөнгө оруулагч байсныг “Богд Банк” мэдээллээ.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ. 2026 оны I улирлын байдлаар тус банкны зээлийн багц 621.5 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2025 онд тус банк олон улсын банк болон санхүүгийн байгууллагаас нийт 35 сая ам.доллар татжээ. Энэхүү санхүүжилтийг жижиг, дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж буйг онцолж байна.
2025 оны IV улиралд цэвэр ашиг нь 51.1 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос 27.1 хувиар өсжээ. Сүүлийн таван жилийн дундаж өсөлт нь 56 хувьтай байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард “Богд Банк”-ны зээлжих зэрэглэлийг “Moody's” агентлаг "B2/Тогтвортой" зэрэглэлээс "В1/Тогтвортой" болгож ахиулсан юм.