
Зургийг: Ferrari/Bloomberg
(Bloomberg) -- “Ferrari” компани 550 мянган евро буюу 640 мянган ам.долларын үнэтэй, таван суудалтай анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани "Ferrari Luce"-ийн гол технологи болон интерьер загварыг үе шаттай танилцуулаад байсан бол ням гарагт Ром хотноо эцсийн танилцуулгыг хийжээ.
Энэхүү загвар нь 1000 морины хүчтэй, 100 км/цагийн хурдыг 2.5 секундын дотор авдаг нь "Ferrari"-ийн V12 хөдөлгүүртэй "Purosangue"-аас давах үзүүлэлт аж. Мөн дээд хурд нь 310 км/цаг хүрэхийг онцолсон байна.
Харин шинэ загварын цахилгаан автомашиных нь дуу томоохон сорилт болсон байна. Тус компани автомашины акустикийг сайжруулахын тулд таван жилийн турш 40,000 километр зам дээр туршилт хийсэн гэж мэдэгджээ. Хөдөлгүүрийн дууг хиймлээр дуурайхын оронд арын тэнхлэг дээр байрлуулсан мэдрэгчээр цахилгаан моторын дууг хурааж авч, дараа нь боловсруулалт хийсэн байна.
“Ferrari” өнгөрсөн онд цахилгаан шилжилтийн урт хугацааны зорилтоо танилцуулсан нь хөрөнгө оруулагчдыг гонсойлгож, цахилгаан технологийг брэндийнхээ нэрийн хуудас болсон уламжлалт хөдөлгүүрт загваруудтай хэрхэн тэнцвэртэй хослуулах талд эргэлзээ төрүүлж байв. Тодруулбал: тус компани 2030 он гэхэд бүх загвартаа бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины эзлэх хувийг хоёр дахин бууруулж, 20 хувь болгосон бол дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины эзлэх хувийг 40 хувь болгох зорилт тавьсан юм.