
Зургийг: Wei Liang/China News Service/VCG/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Шаньси муж дахь нүүрсний уурхайд баасан гарагт хий дэлбэрсний улмаас багадаа 82 хүн амь эрсдэж, 128 хүн эмнэлэгт хүргэгдсэн болохыг “Xinhua” агентлаг мэдээллээ. Тус улсад 2009 оноос хойш гарсан хамгийн том уурхайн осолд тооцогдох дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох ажил үргэлжилж, уурхайд олборлолт явуулдаг компанийн удирдах албан тушаалтнуудыг баривчлаад байгааг Төрийн хэвлэл нь мөн мэдээлсэн байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин уурхайн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг чангатгаж, хүчтэй бороо, үер их тохиолддог дулааны улиралд сонор сэрэмжтэй ажиллах ёстойг мэдэгдэлдээ онцолжээ. Мөн эрэн хайх, авран туслах ажиллагаа, ослын дараах хариу арга хэмжээний ажилд хяналт тавиулахаар Ерөнхий сайдын орлогч Жан Гуоцинийг Шаньси муж руу илгээсэн байна.
“Shanxi Tongzhou Coal & Coke Group”-ийн эзэмшдэг Лиушэньюү уурхай нь жилд 1.2 сая тонн орчим коксжих нүүрс олборлох хүчин чадалтай дунд хэмжээний уурхай аж. БНХАУ сүүлийн жилүүдэд эрчим хүчний найдвартай байдлыг хангахаар нүүрсний олборлолтоо түүхэн дээд түвшинд хүргэсний зэрэгцээ хяналт, шалгалтаа чангаруулснаар уурхайн осол, гэмтлээс үүдэх нас баралтын тоог эрс бууруулаад байсан юм. Сүүлд 2009 онд Хэйлунжян мужийн ОХУ-ын хилтэй ойролцоо орших Шиньшин уурхайд дэлбэрэлт гарснаар 108 хүн амь үрэгдэж байв.
Ослоос шалтгаалан олборлолтын гол бүсүүдэд коксжих нүүрсний нийлүүлэлт тасалдах болгоомжлол үүссэнээр БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ өдрийн дээд хязгаартаа тулж огцом өсөж байна. Далянийн Таваарын биржид даваа гарагийн арилжаа эхлэхэд коксжих нүүрсний фьючерс үнэ найм хүртэлх хувиар өсөж, төмрийн хүдэр, ган зэрэг төмөрлөгийн үйлдвэрлэлийн бусад таваарын үнэ даган өсжээ.