
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу хөдөлмөрийн бүтээмж оны эхний улиралд бүх салбарт өмнөх оны мөн үеэс өссөнийг Үндэсний статистикийн хорооны тайлан харуулж байна.
Нийт дүнгээр нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өсжээ. Уул уурхайн салбарын өсөлт хөдөлмөрийн бүтээмж өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна. Тухайн салбарын нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12.9 сая төгрөг хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт боллоо.
Хөдөө аж ахуйн салбарын нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг I улиралд өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн ч уул уурхайн салбартай харьцуулахад 16 дахин бага байна.
Үйлдвэрлэл барилга, үйлчилгээний салбарын нэг ажиллагчид ногдох хөдөлмөрийн бүтээмж I улирлын байдлаар 2023 оноос хойших дээд дүнгээр өсөж, 3.3-4.5 сая төгрөг хүрчээ.
Нэг ажиллагчид ногдох хөдөлмөрийн бүтээмж 2050 он гэхэд 16 орчим сая төгрөг хүрч өсөхөөр тооцоологдож буй ч энэ нь “Алсын хараа 2050”-д тусгасан зорилтоос доогуур үзүүлэлт болох юм.
Хөдөө аж ахуй тэр дундаа загас агнуур, усны аж ахуй, аж үйлдвэрлэл, боловсрол, жижиглэн худалдаа зэрэг салбар нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гол салбарууд гэдгийг Азийн бүтээмжийн байгууллагын судалгаанд тодотгосон байна.
Үүнээс гадна “Хиймэл оюуныг ашиглан хөдөлмөрийн бүтээмжийг бүх салбарт нэмэгдүүлэх боломжтой. 2030 он гэхэд хиймэл оюун дэлхийн хөдөлмөрийн зах зээлийг үндсээр нь өөрчлөх төлөвтэй. Туршилтын үе шатаас үйл ажиллагаанд нэвтрүүлэх үе шат руу хурдтай шилжиж, олон ажлын байр хувьсан өөрчлөгдөнө” гэдгийг Дэлхийн Эдийн Засгийн Форумын тайланд танилцуулсан юм.