
Зургийг: Ian Maule/Bloomberg
(Bloomberg) -- Санхүүгийн жилийн I улиралд “Nvidia” компани 81.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа мэдээллээ. Энэ нь өмнөх улирлаас 20 хувиар, өмнөх оны мөн үеэс 85 хувиар эрчимжсэн үзүүлэлт төдийгүй хамгийн өндөр орлоготой улиралд тооцогдож байна.
Дөрөвдүгээр сарын 26-наар эцэслэсэн тайлант улиралд тус компанийн дата төвийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 92 хувиар цойлж, 75.2 тэрбум ам.доллар хүрчээ. Ингэснээр тус компани 2.39 ам.долларын нэгж хувьцаанд ногдох цэвэр ашигтай, 1.87 ам.долларын тохируулсан ашигтай байсан аж.
Тайлант улиралд “Nvidia” компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах болон ногдол ашиг хэлбэрээр нийт 20 тэрбум орчим ам.долларыг хувьцаа эзэмшигчдэдээ буцаан олгосон нь дээд дүн болсон байна.
“Nvidia”-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуан “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том дэд бүтцийн өргөтгөл болох хиймэл оюуны үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт асар хурдацтай өрнөж байна. Бие даан шийдвэр гаргаж, даалгавар гүйцэтгэх чадвартай агентик хиймэл оюун бодит ажил хийж, бодит үнэ цэн бүтээн, компаниуд болон салбаруудад хурдацтай нэвтэрч эхэллээ. “Nvidia” нь үүлэн тооцооллын бүх орчинд ажиллаж, хамгийн дэвшилтэт болон нээлттэй эхийн хиймэл оюуны загваруудыг ажиллуулж, асар том дата төвөөс эхлээд хэрэглэгчидтэй ойр төхөөрөмжүүд хүртэл хиймэл оюун ажиллаж буй бүхий л орчинд өргөжих цорын ганц платформын хувьд энэхүү өөрчлөлтийн төвд байрлаж байна” гэж мэдэгдлээ.
I улирлын эцсийн байдлаар тус компанид 38.5 тэрбум ам.долларын хувьцаа эргүүлэн худалдан авах эрхийн үлдэгдэл байсан аж. 2026 оны тавдугаар сарын 18-нд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хугацаагүй нөхцөлтэйгөөр нэмэлт 80 тэрбум ам.долларын хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр баталсан байна.
Үүний зэрэгцээ улирлын нэгж хувьцаанд ногдох ашгаа 0.01 ам.доллар байсныг 0.25 ам.доллар болгон өсгөсөн байна. Энэхүү ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 26-нд хувьцаа эзэмшигчдэд олгохоор төлөвлөжээ.
Тайлан гарахаас өмнөх байдлаар “Nvidia”-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 20 хувиар өссөн байна. Энэ нь “S&P 500 Index”-ийн өсөлтөөс давсан үзүүлэлт болсон ч чип үйлдвэрлэгч ихэнх томоохон өрсөлдөгч компаниудтай харьцуулахад хоцорсон дүр зурагтай байгаа юм.