
Зургийг: pppc.gov.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын нутагт, Байдраг гол дээр баригдах тус станц 30 МВт хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Энэхүү төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед нэгдсэн сүлжээний горим тохируулгад оролцох, импортын эрчим хүчийг орлох, говийн бүсэд усны нөөц сан бүрдүүлэх зэрэг ач холбогдолтойг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцолж байв.
Эрчим хүчний яам 2025 онд төслийг санаачилж, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийсэн байна. Судалгааны дүнд төслийг эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн ач холбогдолтой бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах, Төрд шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.