
Зургийг: Э.Тэнгис
Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахаар 47 мянга гаруй иргэний хүсэлт хүлээгдэж байгааг Монголбанк мэдээллээ.
Зээлийн эрэлт маш өндөр, одоогийн байдлаар хүсэлт 5-6 жил хүлээгдэж байгаагаас харахад энэ хөтөлбөрийг эрх зүйн хувьд шинэ шатанд гаргах шаардлагатай байна гэдэгт Монголбанк болон Засгийн газар санал нэгдсэнээ илэрхийлж байсан юм.
Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл болон Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, гурван удаа хэлэлцүүлээд байгаа юм. Энэ хүрээнд зургаан хувийн хүүтэй хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлж, шинээр байгуулах Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалт хийх ажлууд хүлээгдэж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдэж байв.
2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрт өнөөг хүртэл 140 мянга гаруй өрх хамрагдаж, 10.7 их наяд төгрөгийн зээл авчээ. 2020 онд ипотекийн зээлийн хүүг найман хувиас зургаан хувь болгон бууруулсны дараа хүртээмж нэмэгдэх бус харин орон сууцны үнийн хөөргөдөл үүсэх үр дагаварт хүргэснийг СЭЗИС, МИК-ийн хамтарсан судалгаа харуулсан. 2013 онд орон сууцны медиан үнэ 111.4 сая төгрөг байсан нь 2024 онд хоёр нугарч, түүнээс хойш зогсолтгүй өссөөр л байна.
Ипотекийн хөтөлбөр анх эхлэхэд буюу хүү нь найман хувь, инфляц түүнээс доогуур байх үед санхүүжилтийн тогтолцоо нь ажиллаж болж байсныг эдийн засагч Н.Золжаргал хэлж байлаа. Харин одоо инфляц есөн хувь давж, хүү нь зургаан хувь болсноор дараалал, эрэлт нь дийлдэхгүй болчхоод байгааг онцолсон юм.
Эрэлт ихтэй, нийлүүлэлт талд санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байдаг нь зах зээлд үнэ өсөх бас нэгэн хүчин зүйл болж байна гэж салбарын яам үзэж буй. Тиймээс дээрх хоёр хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниудыг газар болон санхүүжилтийн хувьд батлан даалт гаргаж дэмжих, мөн ипотекийн шаардлага хангахгүй иргэдэд түрээсийн ба түрээслээд өмчлөх боломж бүрдүүлэхээ илэрхийлж байлаа.