
Зургийг: Монгол Улсын Засгийн газар
“Rio Tinto” компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж, төлбөрийн давхардал арилгах тохиролцоонд хүрснийг Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Үр дүнд нь төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллароор буурахаар байна. Мөн Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломжтой гэж тооцоолж буйг Ерөнхий сайд тодотгожээ.
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээнд зааснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойших хугацаанд гарсан үндсэн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн зургаан хувиар менежментийн үйлчилгээний төлбөр төлж буй.
Үүнээс өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах ажлын хэсэг “Rio Tinto”-ийн төлөөлөгчидтэй уулзсан юм. Дөрөв дэх удаагийн уулзалтаараа тодорхой үр дүн гаргах талаар хатуу шаардлага тавьсан гэдгээ хэлэлцээрт орохын өмнө илэрхийлсэн.
Үүнээс гадна Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг олон улсын жишигт нийцүүлэн бууруулах, “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд буй тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлд хэлэлцээр үргэлжилж байна.