
Зургийг: Ian Maule/Bloomberg
(Bloomberg) -- “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан БНХАУ-д АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хамтаар дээд түвшний уулзалтад оролцсоноос хэдхэн хоногийн дараа “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “БНХАУ-ын эрх баригчид эцэстээ АНУ-аас хиймэл оюуны чип импортлохыг зөвшөөрнө гэж найдаж буйгаа илэрхийллээ.
Мөн тэрбээр “БНХАУ-ын Засгийн газар дотоодын зах зээлээ хэр хэмжээнд хамгаалах вэ гэдгээ өөрсдөө шийдэх ёстой. Миний бодлоор цаг хугацаа өнгөрөх тусам зах зээл нээлттэй болно. Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын талтай тодорхой яриа хэлэлцээ хийсэн. Тэд ямар шийдвэр гаргахыг хүлээж байна" гэж онцолсон байна.
Женсен Хуан айлчлалын бүрэлдэхүүнд сүүлийн мөчид багтсан нь “Nvidia” компани хиймэл оюуны H200 чипээ дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-д нийлүүлэх асуудлаар ахиц гаргаж магадгүй гэх таамгийг хөрөнгө оруулагчдын дунд бий болгоод байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилснаас хойш “Nvidia”-ийн хувьцааны ханш хоёр орчим хувиар өсөөд байна.
“Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан
“Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг бүх салбарт, тэр дундаа хиймэл оюуны хувьсгалыг манлайлаасай гэж хүсэж байгаа. H200 чипийг БНХАУ-д худалдах зөвшөөрөл нь байгаа. Харин БНХАУ-ын Засгийн газар дотоодын зах зээлээ хэр хэмжээнд хамгаалах, мөн хиймэл оюуны хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд зах зээлээ хэр хэмжээнд тэлэх вэ гэдгээ өөрсдөө шийдэх ёстой. Миний харж байгаагаар БНХАУ-д эрэлт асар өндөр байна. Эндэхтэй нэгэн адил, агентын хиймэл оюун БНХАУ-д ч мөн маш хурдацтай хөгжиж байна. Миний бодлоор цаг хугацаа өнгөрөх тусам зах зээл илүү нээлттэй болно. Ши Жиньпин БНХАУ-ыг илүү нээлттэй зах зээл болгохыг хүсэж байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. Мөн тус улсын Ерөнхий сайд Ли Циан БНХАУ нээлттэй зах зээл хэвээр байна гэдгийг маш ойлгомжтой, оновчтой тайлбарласан. Тиймээс БНХАУ илүү нээлттэй зах зээл болно гэж найдаж байна.
Би тэдэнтэй H200 чипийн талаар шууд ярилцаагүй. Би АНУ-ыг төлөөлөхөөр тэнд очсон. Энэ нь ч миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Мөн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжихээр очсондоо үнэхээр баяртай байна. Миний айлчлалын гол зорилго ч энэ байсан. Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын удирдагчидтай тодорхой яриа хэлэлцээ хийсэн. Тэд ямар шийдвэр гаргахыг нь л хүлээж байна” гэж онцоллоо.