logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ши Жиньпиний Д.Трамптай уулзах үедээ сануулсан “Фукидидийн урхи” гэж юу вэ?
    Rebecca Choong Wilkins
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 18 18:04
    553

    Зургийг: Kenny Holston/AFP/Getty Images

    Өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Бээжинд хүлээн авч уулзахдаа “Хятад, Америк хоёр улс Фукидидийн урхинаас зайлсхийж чадах уу?” гэж асуусан юм. Мэргэжлийн нэршил мэт сонсогдох энэ үг цаанаа Бээжингийн зорьж буй харилцааны мөн чанарыг илэрхийлж байлаа.

    Эртний Грекийн түүхч Фукидидтэй (Thucydides) холбосон уг нэршлийг Харвардын улс төр судлаач Грэм Аллисон 2010-аад оны эхээр түгээмэл болгож байжээ. Өсөн бүрэлдэж буй хүчирхэг улс нэгэнт бэхэжсэн хүчирхэг улстай зэрэгцвээс зөрчил мөргөлдөөн рүү зайлшгүй хөтөлдөг гэж Алисон үзэж байв. Энэ зүй тогтол дэлхийн түүхэнд олон удаа давтагдсаныг тэрбээр өөрийн судалгаагаар харуулж, мөн өнөөгийн АНУ, БНХАУ-ын өрсөлдөөнийг ижил өнцгөөс тайлбарлаж байжээ.

    Энгийнээр бол энэ нь бүтцийн шинжтэй зөрчлийн тухай юм. Эдийн засаг, технологи, цэрэг зэвсгийн талбар дахь БНХАУ-ын хурдтай өсөлт нь АНУ-ын удаан хугацаанд үргэлжилсэн их гүрний давамгайлалд заналхийлэх болоод байна. Хэдийгээр хоёр тал хоёул зөрчил мөргөлдөөн хүсэхгүй байсан ч хоорондын жам ёсны өрсөлдөөн нь дарж хориход бэрх нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй. 

    Фукидид гэж хэн байв?

    Нийтийн тооллын өмнөх тавдугаар зуунд амьдарч байсан Грекийн түүхч Фукидид нь Пелопоннесийн дайныг тухайн үеийн хүчирхэг Спарта болон шинээр хүчирхэгжсэн хот-улс Афин хооронд зайлшгүй гарах ёстой дайн байсан хэмээн тайлбарлаж байжээ. Грэм Аллисон уг түүхэн сурвалж дээр үндэслэн “Фукидидийн урхи” хэмээх нэршлийг гаргасан байна.

    ezgif-50ee68e4dddd4e76.jpg

    Ши Жиньпин яагаад үүнийг эш татав?

    Ши Жиньпин 2014 оноос энэ нэршлийг ашиглаж эхэлсэн болохыг Хятадын улс төрийн шинжээч Ван Зичэнь онцолж байна. Сүүлд тэрбээр 2024 оны 11 дүгээр сард Перуд болсон APEC-ийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдентай уулзахдаа “Фукидидийн урхи”-ны талаар дурдаж байжээ.

    Гэхдээ зайлшгүй гэх энэ зөрчлөөс зайлсхийж болно гэдэг санааг Ши Жиньпин тухай бүрд илэрхийлсээр ирсэн юм. “Харилцан хүндэтгэл” болон “аль ч талдаа ашигтай хамтын ажиллагаа”-г цогцлоож, хоёр тал эв найртай зэрэгцэн орших замыг олох хэрэгтэй гэдэг нь түүний гол мессеж.

    Мөн үүнд стратегийн өнцөг бий. Бээжин энэ нэршлээр дамжуулан АНУ-Хятадын одоогийн зөрчлийг зөвхөн худалдааны маргаан, Тайванийн асуудлаар тогтохгүй өргөн хүрээний зөрчил болгож тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын одоогийн их гүрний байр суурь АНУ-ын дараа орох бус АНУ-тай эн зэрэгцэх түвшинд байгаа гэсэн санааг илэрхийлэх юм. Тиймдээ ч “Хоёр улс том гүрнүүдийн харилцааны шинэ жишгийг бүтээж чадах уу” хэмээн Ши Жиньпин Трампаас асууж байлаа.

    “Фукидидын урхи”-аар бусад зөрчлийг тайлбарлах боломжтой юу?

    Сүүлийн 500 жилд шинэ залуу улс тухайн үеийнхээ хүчтэнүүдийн ноёрхлыг сөрсөн 16 удаагийн тохиолдол гарснаас 12 нь дайнаар төгссөн гэж Грэм Аллисон тоолсон байна. Тухайлбал Дэлхийн I дайны өмнө Герман улс Европт цэргийн сүр хүчээр ноёрхож, хилийн чанадад эзэнт гүрэн байгуулахаар зорьсон нь тэр үеийн тэргүүлэх орнуудтай харилцаа нь муудах эхлэл болсон байдаг. Мөн 1600-аад онд болсон “Гучин жилийн дайн” нь эхэндээ Герман, Нидерландын холбоотнуудаас бүрдсэн шинэ протестант хүч католик шашинт Ариун Ромын эзэнт гүрэнтэй тэрсэлдсэнээс шалтгаалж дэгдсэн байдаг.

    Урхинд орох нь зайлшгүй юу?

    Үгүй. Хүчтэй улсууд эв найртай зэрэгцэн орших боломжтой. Өнгөрсөн зуунд АНУ Их Британийг гүйцэж цэрэг зэвсэг, улс төрийн давуу талыг олж авсан шилжилт тун тайван өрнөсөн юм. Түүнчлэн Дэлхийн II дайны дараа хоёр хуваагдсан Герман 1990 онд нэгдэж, Европын тэргүүлэгч орны байр сууриа зөрчил мөргөлдөөнгүйгээр эргүүлэн авч байв. Дэлхийг хоёр туйлд хувааж, бүхий л талбарт өрсөлдсөн их гүрнүүд ч бүрэн хэмжээний дайн дэгдээхгүй байх боломжтойг АНУ, ЗХУ-ын Хүйтэн дайн харуулсан. 

    Зарим судлаачид “Фукидидын урхи” нь дайны үүдэл шалтгааныг хэт энгийн болгож тайлбарласан нэршил гэж үздэг бөгөөд одоогийн АНУ, БНХАУ-ын харилцааг түүнтэй холбож ойлгох нь учир дутагдалтайг хэлдэг.

    Cэтгэгдэл бичих