
Зургийг: Юнител групп
Дэлхийн харилцаа холбооны салбарт нүүрстөрөгчийн ялгарлаа бууруулах, дижитал үйлчилгээний ногоон дэд бүтэц рүү эрчтэй шилжих шаардлага нэмэгдэж буй энэ үед Монголын Юнител групп нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах 15 бие даасан төсөл хэрэгжүүлж, бүс нутагтаа байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) шилжилтээр тэргүүлэгч болоход ойртоод байна.
Амлалтаас бодит үр дүн рүү:
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар өнөөдөр дэлхий даяарх хүлэмжийн хийн нийт ялгарлын 4 хувь орчмыг бүрдүүлж байгаа нь агаарын тээврийн салбараас ч давах үзүүлэлт юм. Vodafone, Orange тэргүүтэй харилцаа холбооны аварга компаниуд 2040 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх “Net-Zero” зорилтоо биелүүлэхээр уралдаж байгаа бол Юнител групп “Ногоон дижитал шилжилт”-ийг (Green Digitalization) түүчээлэх амбицаа 2025 оны Тогтвортой байдлын тайлангаараа зарлалаа.
Тус групп 2025 онд хүлэмжийн хийн ялгарлаа 2022 оны суурь төсөөллөөс 12 хувиар бууруулж, 39,721 тонн болгосноо тайландаа онцолжээ. Европын тэргүүлэгч Orange Group 2025 он гэхэд ялгарлаа 30 хувиар бууруулах зорилт тавьсан юм.
Харин Юнител Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, нүүрснээс хамаарал бүхий эрчим хүчний системд дээрх ахицыг гаргаж чадсанаараа онцлог.
Стратегийн шилжилт: 15 төсөл ба Үр ашгийн загварчлал
Юнител групп нүүрстөрөгчийн ул мөрөө бууруулахын тулд мод тарих гэх мэт бэлгэдлийн шинжтэй санаачилгуудаар хязгаарлагдалгүй, харин бизнесийн суурь үйл ажиллагаандаа бүрэн шинэчлэл хийж, Verizon, AT&T зэрэг дэлхийн томчуудын хэрэгжүүлдэг “Smart Energy Management” системтэй адилтгах арга барил нэвтрүүлж буй.
Мөн эрчим хүчний хэмнэлтийн “Efficiency First” зарчмын хүрээнд тус групп нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах 15 бие даасан төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал алслагдсан бүсүүдэд дизель генераторыг нар, салхины эрчим хүчний хосолсон системээр орлуулсан нь шатах түлшний хамаарлыг шууд багасгаж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн олон улсын хөрөнгө оруулагчид ESG үзүүлэлтийг чухалчилдаг болсон энэ үед Юнител 76 хуудас бүхий дэлгэрэнгүй тайлан гаргасан нь засаглалын хувьд шинэ стандарт тогтоосон хэрэг боллоо.
Юнител групп 2028 он гэхэд ялгарлаа 23 хувь бууруулах зорилт тавьсан нь Монгол Улс 2035 он гэхэд ялгарлаа 30 хувь бууруулах үндэсний амлалтдаа хүрэхэд томоохон нэмэр болохоор байна. Тогтвортой байдлын тайлан нь зөвхөн байгаль орчны тайлан биш, харин ирээдүйн дижитал эдийн засаг нүүрстөрөгчийн өндөр зардалгүйгээр өсөж болохыг дэлхийн зах зээлд харуулсан “Стратегийн жишиг” болохыг групп онцолжээ.