
Зургийг: С.Батсайхан
Мөнгөний нийлүүлэлт (M2) дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 51 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 10.3 их наяд төгрөгөөр буюу 25.3 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах, валютын харилцах дансны үлдэгдэл өссөн нь голлон нөлөөлжээ.
Төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 26.1 хувиар өсөж 11.3 их наяд төгрөгт хүрсэн бол төгрөгийн хадгаламж 27.4 их наяд төгрөг давж 24.9 хувиар өссөн. Төгрөгийн хадгаламжийн 22.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 5.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгаа аж.
Харин валютын хадгаламж 5.6 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 347.8 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 113.4 тэрбум төгрөгөөр өсжээ.
Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар инфляц 10.1 хувьтай гарснаар бодлогын хүү, инфляцын зөрүү улам багасаж, бодит хүү буурсан. Мөнгөний нийлүүлэлт хэт өссөнөөр инфляц эрчимжих тул Төв банк хүүгээр дамжуулж зах зээл дэх илүүдэл мөнгийг татаж байна гэж Монголбанкны Ахлах эдийн засагч Н.Батсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Тухайлбал, оны эхнээс Төв банкны үнэт цаасанд байршуулах активын хэмжээ өсөж, дөрөвдүгээр сарын эцэст 12 их наяд төгрөг даваад байна.
2025 оны нэгдүгээр сард бодлогын хүү 10 хувьд мөрдөгдөж байх үед Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 11.4 их наяд төгрөг байсан бол 2025 оны дөрөвдүгээр сард 7.2 их наяд төгрөг болж, буурч байсныг Монголбанкны цахим мэдээллээс харж болохоор байна.
Энэ он гарсаар бодлогын хүү өөрчлөлтгүй, 12 хувийн түвшинд мөрдөгдөж байгаа бол эрэлтийн шалтгаантай инфляцыг хязгаарлахын тулд хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг чангаруулж, бодлогын тохироо хийсэн гэж Монголбанк тайлбарлаж буй.