
Зургийг: С.Батсайхан
Монгол Улс оны эхний дөрвөн сарын хугацаанд БНХАУ-тай 7.7 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 6.3 тэрбум ам.доллар нь экспорт байна. Мөн улсын нийт экспортын 92.6 хувь нь БНХАУ-д нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүн байгаагаас дийлэнх нь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн байна.
Нөгөө талдаа нийт импортын 37.4 хувь буюу 1.4 тэрбум орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-аас импортолжээ. Барилгын материал, ачааны автомашин, тоног төхөөрөмж, сэлбэг эд анги, цахилгаан эрчим хүч зэрэг нь импортод өндөр дүн эзэлж буй.
Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт 2020 онд нэгдсэн юм. Энэ хүрээнд БНХАУ 2300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд 10-50 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх үүрэг хүлээжээ. Мөн бусад зургаан гишүүн улстай худалдаа хийхдээ 366 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд 10-30 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх үүрэг хүлээсэн аж.
Харин АНУ-тай хийж буй худалдааны дүнг харвал оны эхний дөрвөн сарын байдлаар 78.8 сая ам.долларын экспорт, 126 сая ам.долларын импорт хийсэн байна. Ингэснээр тус улстай хийж буй худалдаанаас 47.3 сая ам.долларын алдагдал хүлээснийг Гаалийн Ерөнхий Газрын үзүүлэлт харууллаа.
Нөгөө талдаа суудлын болон ачааны автомашин, сэлбэг эд анги, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл голлон импортолсныг Гаалийн Ерөнхий Газрын мэдээллээс харж болохоор байгаа юм.