
Зургийг: tmkenergy.com.au
Монголд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй “TMK Energy” компани 2026 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу туршилтын шинэ цооногууд өрөмдөх, олборлосон хийнээс эрчим хүч үйлдвэрлэх туршилт хийх зэрэг ажлуудад төвлөрч байгаагаа мэдээллээ.
Дөрөвдүгээр сард тус компани “Гурвантэс XXXV” төслийн цооногуудаас өдөрт дунджаар 663 куб метр хий олборлосон нь хоёрдугаар сарынхаас 13 хувиар өссөн үзүүлэлт болохыг сүүлд гаргасан явцын мэдээлэлдээ дурдсан байна.
Гуравдугаар сард төслийн LF-07 цооногийн олборлолт эрс өссөн тул тус компани түр хугацаанд цооногийн хийн урсгалыг зориуд багасгах арга хэмжээ авч байсан юм.
Үүнээс гадна хүчин чадлын дутагдалд ороод буй Монголын эрчим хүчний үйлдвэрлэлд байгалийн хийн ашиглалтыг нэвтрүүлэх талаар Засгийн газартай болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй өндөр түвшний яриа хэлэлцээ эхлүүлснийг “TMK Energy”-ийн Гүйцэтгэх захирал Дугал Фергусон онцолсон байна.
Мөн “Гурвантэс XXXV” төсөлд энэ онд шинээр гурван цооног нэмж өрөмдөхийг Дугал Фергусон “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.