
Зургийг: С.Батсайхан
“Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон “Оюу Толгой” ХХК, “Rio Tinto”-ийн төлөөлөгчид ойрын хугацаанд уулзах хүлээлттэй байна. Тавдугаар сарын 12-нд “Rio Tinto”-оос хэлэлцээрийн баг ирж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлсэн.
Монголын талаас зээлийн хүү болон менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн бууруулахаар зорьж байгаа. Хэлэлцээр тодорхой үр дүнд хүртэл үргэлжилнэ гэдгийг Засгийн газар тодотгож байгаа.
Гуравдугаар сард “Rio Tinto” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзах үедээ тодорхой саналуудаа танилцуулсан ч Монголын талын хүлээлтэд хүрээгүй тул хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан.
Иймд “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулж, 2030 оноос “Оюутолгой” менежментийн хувьд бие даан ажиллах шаардлага тавьсан. Мөн Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах, “Entrée Resources” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг үндсэн хуулийн 6.2-т нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.