
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
(Bloomberg) -- Компаниудын хиймэл оюуны салбараас олсон ашгийн татвараас иргэдэд "ногдол ашиг" олгох нь зүйтэй гэсэн санааг БНСУ-ын тэргүүлэх бодлого боловсруулагчдын нэг нь дэвшүүлжээ. Энэ нь “Samsung Electronics”, “SK Hynix” зэрэг чип үйлдвэрлэгч компаниудад асар их ашиг хүртээсэн хиймэл оюуны тэсрэлтийн өгөөжийг иргэдэд хуваалцах талаар эрх баригчдад ирж буй шахалт нэмэгдсэний дохио боллоо.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Бодлого хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Юн Бом “Facebook”-т оруулсан постдоо дээрх санааг илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдад таавар болж, улмаар мягмар гарагийн арилжаагаар БНСУ-ын хувьцаануудын ханш огцом савлахад хүргэжээ. Үүний дараа тэрбээр компаниудын ашигт шинээр татвар тогтоох бус, харин хиймэл оюуны тэсрэлтээс олсон "нэмэлт татварын орлого"-ыг иргэдэд хуваарилах хүсэлтэйгээ тодотгосны дараа “Kospi Index” сэргэж, 5.1 хүртэлх хувийн уналтаа нөхсөн байна.
Хиймэл оюуны технологийн дэвшил нь улс орнууд хоорондын болон иргэдийн хүртээмж, боломж бололцооны ялгаатай байдлыг улам нэмэгдүүлж байгаад анхаарал хандуулахыг эдийн засагчид, улс төрчид уриалах болоод буй.
Өнгөрсөн сард “Samsung Electronics” компанийн чипийн гол үйлдвэрийн гадна олон арван мянган хүн жагсаж, хиймэл оюунаас олсон ашгаас ажилтнууддаа олгох хувиа нэмэгдүүлэхийг шаардсан юм. Тус компанийн Үйлдвэрчний эвлэлээс үйл ажиллагааны нийт ашгийн 15 хувийг чипийн нэгжийн ажилтнуудад хуваарилах шаардлага тавьж, хэрэв биелүүлэхгүй бол тавдугаар сарын 21-нээс эхлэн 18 өдрийн ажил хаялт зарлахаар сүрдүүлжээ.