logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Хаврын тариалалтад 40.6 мянган тонн улаанбуудайн үр бэлэн байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 12 10:25
    169

    Зургийг: С.Батсайхан

    ХХААХҮЯ: Хаврын тариалалтад зориулж 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн

    Энэ онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснийг ХХААХҮЯ мэдээлээд байна. Нийт 312 мянган га талбайд улаанбуудай, 16 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 100 гаруй мянган га талбайд тэжээл болон тосны ургамал тариалахаар төлөвлөжээ.

    Хаврын тариалалтад 40.6 мянган тонн буудайн үр бэлэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 мянган тонн буюу 26.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

    “Өмнөх оны ургацаас 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлж авснаас 11 мянган тонныг Хөдөө аж ахуйн корпорацаар дамжуулан борлуулж, зээлээр 2000 гаруй тонн улаанбуудайн үрийн будааг борлуулаад дуусаж байна. Улаанбуудайн үрийн хувьд хүрэлцээтэй байгаа” гэж салбарын яам онцолж байна. 

    12-1.JPG

    Одоогоор хаврын тариалалтын үндсэн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар өргөн холбооны 99.7 хувь, анжисны 98.7 хувь, төмс, хүнсний ногооны үрлүүрийн 98.2 хувь, булны 97.4 хувь, бүх төрлийн сийрүүлэгчийн 97 хувь, үр тарианы үрлүүрийн 96.2 хувь, дугуйт тракторын 90.1 хувь, гинжит тракторын 56.4 хувь нь хөрс боловсруулалт, тариалалтад ажиллахад бэлэн болжээ. 

    Өнгөрсөн онд тариалангийн гол бүс нутгуудаар бороо, хургүй гантай байснаас шалтгаалан ургац алдаж, аж ахуйн нэгжүүд  санхүүгийн хүндрэлд орсон. Мөн түлш шатахууны үнэ өссөн нь хаврын тариалалтад сорилт болж буйг Тариаланчдын үндэсний холбоо онцолж байна.  Харин энэ жилийн тухайд бороо, хур олон жилийн дундаж орчим байна гэсэн урьдчилсан төлөв  гараад байгаа юм.

    Засгийн газраас хаврын тариалалтад зориулж тариаланчдад хөнгөлөлттэй үнээр шатахуун олгоод байна. Тухайлбал: 10 мянган тонн дизель түлшийг нэмэгдэлгүй үнээр тариалан эрхлэгчдэд нийлүүлэх зохицуулалт хийгээд буй. Хэдий тийм боловч намрын ургац хураалтын үед шатахууны асуудал дахин үүсэх тул газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл үүсэхээр байна. Нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд жилдээ 20 мянга гаруй тонн шатахуун шаардлагатай байдаг аж.

    Үүнээс гадна хаврын тариалалтын бэлтгэл ажилд зориулж 200 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож эхлээд байна. Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 293 иргэн, аж ахуйн нэгжид 50 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосон байна. Зээлийн шалгуур өндөр байгаа тул жижиг, дунд аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдахад бэрхшээлтэй байгааг тодотгож байсан юм.

    12-3.JPG

    “Атар-4” аяны хүрээнд шинээр 200 мянган га газарт тариалалт хийхээр зорьж буй. Улсын хэмжээнд 112.2 мянган га тариалангийн талбай ашиглалтгүй атаршсан байдалтай байна. Үүнийг ашиглан малчид ногоон тэжээл тариалахад хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

    Үүний зэрэгцээ усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх чиглэлд  долоон аймгийн 10 сумд нийт 3000 гаруй га талбайд услалтын систем барих ажил үргэлжилж буйг ХХААХҮЯ мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих