
Зургийг: Chris McGrath/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- “MV Hondius” аяллын хөлөг дээр байсан АНУ-ын нэг, Францын нэг зорчигчийн хантавирусийн шинжилгээний хариу эерэг гарсныг албаныхан мэдээлээд байна.
Хантавирусийнн халдвар авсан нь тогтоогдсон АНУ-ын иргэнийг Небраска мужид биологийн тусгай хамгаалалттай тасагт эмчилж байгаа бөгөөд шинжилгээний хариу нь эерэг гараагүй ч шинж тэмдэг илэрсэн бас нэгэн иргэнийг эмчилж эхэлжээ. Түүнчлэн ойрын хавьтал болсон 15 иргэнийг тусгаарласан талаар АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв мэдээллээ.
Нидерландын далбаатай экспедиц аяллын тус хөлөг Испанийн Канарын арлуудын Тенерифегийн эрэгт зогсож, улс орнууд хөлгөөс өөрсдийн иргэдээ татаж авах ажиллагаа ням гарагт эхлээд байв. Татан авах ажиллагааны үеэр франц эмэгтэйд мөн л халдварын шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь муудсан бөгөөд одоогоор түүнийг дөрвөн франц зорчигчийн хамт эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаад байгааг БНФУ-ын Эрүүл мэндийн сайд онцолжээ.
Хөлгийн зорчигч, багийнхнаас бүрдсэн 150 гаруй хүнийг Испани, Канад, Их Британи, Нидерланд зэрэг улс татан авч буйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлсэн бөгөөд хантавирусийн далд үеийн хугацаа нэлээн урт тул 42 хоногийн турш зорчигчдын биеийн байдлыг идэвхтэй ажиглах зөвлөмж хүргүүлжээ.
Ховор тохиолддог амьсгалын замын өвчин үүсгэгч Андын омгийн хантавирусийн голомт болоод буй тус хөлгийн зорчигчдоос сүүлийн байдлаар найман батлагдсан тохиолдол илэрч, гурван хүн нас бараад байна.
Лабораториор батлагдсан бүх тохиолдол нь хүнээс хүнд зөвхөн ойрын хавьтлын үед хязгаарлагдмал байдлаар халдварлах магадлалтай Андын хувилбар байсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага баасан гарагт мэдээлж байв. Мөн цар тахалд хүргэж, олон улсыг хамарсан тархалт үүсгэх эрсдэл бага гэж үнэлснээ бататгасан байна. Томуу, Covid-19-ийг үүсгэсэн коронавирустэй харьцуулахад хантавирус халдварлах чадвар болон мутацид орох чадвар сул аж.
Гэсэн хэдий ч хөлөг дээр вирус хаанаас хэрхэн тархсантай холбоотой тодорхойгүй байдал их байгаа тул улс орнуудын Засгийн газар шуурхай хариу арга хэмжээ авч буй нь энэ болжээ. “Бид үүнд Covid-той ижил байдлаар хандмааргүй байна. Үүнээс болж нийтийн сандрал түгшүүр үүсгэж болохгүй” хэмээн АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жай Бхаттачаря онцолжээ.
Тиймээс гол сорилт нь цаг хугацаа байхаар байна. Шинж тэмдэг нь илрэх хүртлээ 6-7 долоо хоног далд байдаг тул аялагчид өвчилсөн гэдгээ мэдэлгүйгээр улс хооронд зорчиж, улмаар хавьтлуудыг илрүүлэх, тархалтыг тогтоон барихад хүндрэл учруулж болзошгүй.
Харин аялал жуулчлалын салбарын хувьд эмнэлгийн үйлчилгээнээс хол, урт хугацааны аяллын үеэр өвчин дэгдэх эрсдэл, мөн халдварт өвчин илрэхээсээ өмнө олон улсын хил дамнан зөөвөрлөгдөх эрсдэлийг дахин сануулсан хэрэг боллоо.