logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Автомашины худалдаанаас карьераа эхлүүлсэн эрхэм Казахстаны шинэ тэрбумтан боллоо
    Nariman Gizitdinov
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 08 17:37
    558

    Зургийг: Daniyar Mussirov/Bloomberg

    ЗХУ задрах үед “Лада” автомашин зарж бизнесээ эхлүүлж байсан Нурлан Смагулов Казахстаны эдийн засгийн шилжилтийг “хөлөглөж” амжилтад хүрчээ

    (Bloomberg) -- 1991 онд ЗХУ задран унах үед Алматы хотод чимээгүй ч гэсэн амьдрал үргэлжилсээр байлаа. Өргөн чөлөөнүүд, дуурийн театр, мөн дэлхийн хамгийн өндөрт оршдог мөсөн гулгуурын талбайгаараа алдартай тус хотод тухайн үед автомашин тансаг хэрэглээнд, Барууны бараа, бүтээгдэхүүн нүдний гэмд тооцогдож байв.

    Харин өнөөдөр Алматы хот Казахстаны эдийн засгийн тэсрэлтийн зангилаа цэг, худалдаа арилжааны завгүй төв болжээ. Коммунизмаас капиталист хэрэглээний эдийн засаг руу шилжсэн энэ аяллыг нэг хүнээр илэрхийл гэвэл тэр нь Нурлан Смагулов.

    "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индекст Төв Азиас нэгдсэн шинэ тэрбумтан Нурлан Смагулов улсынхаа шилжилтийг “хөлөглөж”, автомашин оруулж ирж зардаг наймаачнаас жижиглэнгийн үл хөдлөх хөрөнгийн магнат руу өсөн дэвжиж, өдгөө Алматы дахь урлагийн том музейн үүсгэн байгуулагч эрхэм болоод байна. Өдгөө 60 настай түүнийг бусад чинээлэг нутаг нэгтнүүдээс нь ялгаруулдаг гол хүчин зүйл гэвэл тэрбээр түүхий эд, санхүү, мөн улс төрөөс хөрөнгөө босгоогүй.

    ЗХУ-аас өрх тусгаарлах үедээ Казахстаны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 1500 ам.доллар байсан бол өнөөдөр 14 мянган ам.доллар хүрч, хүчирхэг хөрш ОХУ-тайгаа энэ зэрэгцэж байна. Энэ нь тус улс дахь газрын тосны гурван том сав газрын ач тус юм.

    Хурдтай өсөж буй хотууд, дундаж давхаргын тэлэлт, үүнийг дагасан хэрэглээний өндөр зардал нь 2000 оноос хойш жил бүр тав гаруй хувийн өсөлттэй байгаа Казахстаны эдийн засгийг эрс өөрчилжээ. Энэ хугацаанд тус улсын хүн ам 30 гаруй хувиар өсөж, 21 сая хүрсэн байна.

    dfsbvvb.jpg

    “Би өмнө нь Казахстаны эдийн засгийн боломжид итгэдэг байсан, одоо ч итгэсэн хэвээрээ. Өсөн нэмэгдсээр буй хэрэглээний зардал, иргэдийн худалдан авалт дээр манай бизнес хөгжин цэцэглэж байна” хэмээн Нурлан Смагулов Алматы дахь өөрийн "Mega" худалдааны төвийн гурван давхар дахь оффистоо ярилцлага өгөхдөө онцолжээ. 

    Нурлан Смагулов өдгөө гурван худалдааны төв эзэмшдэгийн нэг нь Казахстандаа хамгийн томд тооцогддог. Харин автомашины бизнес нь 19 дистрибьютерийн гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Казахстанд үйлдвэрлэсэн таван автомашин тутмын хоёр нь Нурлан Смагуловын угсралтын үйлдвэрүүдээс гарч байна.

    Эх орныхоо иргэдэд ийнхүү итгэсэн нь Нурлан Смагуловт нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө авчирсныг "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексээс харж болно. Харин өнөөгийн хамгийн чинээлэг казах хүн бол зэсийн олборлолтоос 9.2 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон Владимир Ким юм.

    1991 оны 12 дугаар сард Казахстан улс тусгаар тогтнох үед Нурлан Смагулов автомашин зарж мөнгө олох боломжийг олж харжээ. Автомашин маш ховор, “нэр хүндийн баталгаа болсон хүсэмжит худалдан авалт”-д тооцогддог байсныг тэрбээр дурсаж байна. 

    Гэхдээ түүнд эхлээд мөнгө хэрэгтэй байлаа. Бэлэн мөнгөний нөөцтэй болохын тулд тэрбээр Алматы дахь захуудаас ОХУ-ын “Камаз” ачааны автомашин гурван хоногийн хугацаатай зээлээр авч, дараа нь түүнийг яаралтай өндөр үнээр зараад зөрүүгээр нь ашиг хийж эхэлжээ.

    Хуримтлагдсан ашгаараа тэрбээр гадаадаас автомашин худалдаж авах болов. Нийлүүлэлтээр гачигдсан дотоодын хүн амын эрэлт асар өндөр байж, Смагулов ОХУ-аас “Лада”, Японоос “Toyota” автомашинууд оруулж ирсээр дөрвөн жилийн дотор нэг сая ам.долларын ашиг хийсэн байна. Энэ нь түүний “Astana Motors” компанийн эхлэл байлаа.

    Гэтэл Казахстанд нөхцөл байдал өөрчлөгдөж эхлэв. 1993 онд тус улс рублийг халж, өөрсдийн шинэ мөнгөн дэвсгэрт тэнгэг гүйлгээнд нэвтрүүлэв. Мөн Тенгизийн үлэмж том газрын тосны ордыг хөгжүүлэхээр "Chevron" компанитай гэрээ байгууллаа. Улмаар 2000 онд Каспийн тэнгисийн Кашаган газрын тосны ордыг нээснээ Казахстан зарласан юм.

    Улс ийнхүү баяжсан нь хотжилт эрчтэй нэмэгдэхэд хүргэсэн тул Нурлан Смагулов бизнесээ үл хөдлөх хөрөнгө рүү тэлж, 2006 онд Алматы хотод “Mega” худалдааны төвийнхөө анхны салбарыг нээжээ.

    Энэ нь тус хотын өсөлт, хэрэглэгчдийн зарцуулалтад тавьсан түүний бас нэгэн мөрий байлаа. Худалдааны төвийг хотын өмнөд хэсгийн цасан оргилт уулсын хормойд, Зөвлөлт Холбоот Улсын үеийн хаягдсан радио-электроникийн үйлдвэрийн газар дээр барьжээ. Мөн зам хөндлөн гараад хүнсний зах, троллейбусны эцсийн буудал бий.

    Эхэн үедээ Нурлан Смагулов худалдааны төвөө боулинг гэх мэт хүний сонирхол татах бүхий л зүйлээр дүүргэхийг зорьж байв. Мөн хотын бусад хорооллоос иргэдийг авчрах тусгай чиглэлийн автобус явуулсан нь байгаа оножээ. Хүмүүс олноор ирэн дэлгүүр хэсэж, тоглож зугаацах болсноор тухайн бүс эрэлттэй болж, үл хөдлөхийн компаниуд тэнд орчин үеийн орон сууцны хорооллуудаа босгож эхэлсэн байна.

    2013 онд “Mega” улам тэлж, талбайгаа бараг хоёр дахин томруулсны сацуу олон улсын брэндүүд нэмж оруулж иржээ. Өдгөө Нурлан Смагулов 80 тэрбум тэнгэ буюу 170 сая ам.доллароор худалдааны төвийнхөө хажууд 19 давхар оффисын барилга зэргээс бүрдэх шинэ хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна. Мөн 100 тэрбум тэнгэгийн хөрөнгөөр Казахстаны нийслэлд “Mega Garden” нэртэй худалдааны төв барьж байгаа аж.

    “Том хотуудад манай худалдааны төвүүд байрлах учраас хотын иргэдийн урсгал, өсөлт ихээр нөлөөлөх нь дамжиггүй. Автомашинд ч гэсэн адилхан. Казахстан хүн амын өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд байгаа” хэмээн тэрбээр хэлсэн юм.

    Гэхдээ түүний бизнес эрсдэлээс бүрэн ангид байна гэж үгүй. Автомашин худалдан авах зээлийн хатуу нөхцөл, мөн валютын сул ханш нь иргэдийн худалдан авах чадварт, улмаар Смагуловын бизнест нөлөөлнө. Мөн улс төрийн хямралын эрсдэл бий.

    2022 оны бослогын дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эрх мэдлээ бэхжүүлж, 1991 оноос 2019 он хүртэл Казахстаныг удирдсан өмнөх Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тэргүүтэй хуучны эрх мэдэлтнүүдийг улс төрөөс холдуулсан юм. Касым-Жомарт Токаев мөн баян, хоосны ялгааг багасгахад чиглэсэн реформууд эхлүүлсний дунд өндөр орлоготой иргэдээс авах татварыг нэмэх, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний татварыг өсгөх арга хэмжээ багтаж байлаа.

    Одоогоор тус улсын нүсэр байгалийн баялаг эдийн засгийг хөдөлгөсөн хэвээр байгаа ч Ойрх Дорнод дахь дайн, түүний үр дагавар өөрт нь шинэ боломж нээж магадгүйг Смагулов хэлж байна. Казахстан улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ болон ОХУ, Өмнөд Ази, Ойрх Дорнодын дунд байрладаг давуу талаа ашиглан дэд бүтэц, худалдааны стратегийн коридорын үүрэг гүйцэтгэж, БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнийг Европ руу дамжуулах реэкспортоос орлогоо дорвитой нэмэгдүүлж буй.

    Бизнес нь тэлэх хэрээр Нурлан Смагулов орчин үеийн урлагийн бүтээлийн цуглуулгадаа анхаарал хандуулах болжээ. Өнгөрсөн есдүгээр сард нээсэн Алматыгийн Урлагийн музейдээ тэрбээр АНУ-ын алдарт уран барималч Ричард Серрагийн 155 тонн жинтэй "Junction" хэмээх ган баримлыг авчирч байруулсан байна.

    Одоогийн цуглуулга нь 70 сая орчим ам.долларын зардал гаргасан бол музейн барилгын ажилд дахин 50 сая ам.доллар шаардагдсаныг Нурлан Смагулов хуваалцсан юм. Өнгөрсөн онд түүний музей нээгдээд хэдхэн сарын дотор 188 мянган үзэгч татжээ. Харин энэ онд тэрбээр энэ тоог 500 мянга хүргэхийг зорьж байна. Мөн 2030 онд тэрбээр музейдээ дахин нэг барилга нэмж, жилийн нэг сая үзэгчтэй болохоор төлөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих