
Зургийг: ParliamentMN
Түлш шатахуун, эрчим хүчний стратегийн төслүүдийг урагшлуулахад чухал нөлөөтэй Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл УИХ-аар дэмжигдсэнгүй. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүд гадаад зээллэгийн ашиглалтын хязгаараас шалтгаалж төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсэж байна.
Одоогийн төсвийн хуулийг мөрдөж ажиллавал газрын тос боловсруулах үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтад оруулах тооцоолол байгааг Сангийн яам мэдээлж байсан юм. Иймд хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор дахин өргөн мэдүүлэх боломжийг судална гэж Сангийн сайд тодотголоо.
Хуулийн төсөлд газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн санхүүжилтийн ашиглалтын зардал нэмэгдсэнээр тухайн жилийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтэрч болно. Тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь хуульд заасан төслүүдийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно гэж заасан байна.
Энэ нь төсвийн алдагдлыг тэлж, хоёр төсөвтэй болох нөхцөл бий болгох эрсдэлтэй гэж УИХ-ын зарим гишүүн үзэж буй. Мөн Сэлбэ гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хуулийн төсөлд багтаасан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.