
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улс 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028-2029 онд 105-110 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж буйг Ерөнхий сайд мэдээллээ. Энэ хүрээнд хилийн боомтуудын ажиллах цагийг уртасгаж, Ханги, Бичигт, Булган боомтуудад лаборатори, ухаалаг гарц нэн яаралтай нэвтрүүлнэ. Мөн Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд нүүрсний зах зээлийн үнийг 68 ам.доллароор тооцоолжээ.
УИХ-аар хэлэлцүүлж буй дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл бол бодит нөхцөл байдалд суурилсан хөөсгүй, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг дэмжих бодлого гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Үүний үр дүнд эдийн засаг 2027 онд 5.8 хувь, 2028-2029 онд 6-6.3 хувиар өснө гэж төсөөлж байна. Мөн инфляцыг 7-5 хувьд тогтворжуулна.
2027 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 34.8 их наяд төгрөг, нийт зарлагын дээд хэмжээ 36.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаад байна.
Мөн Засгийн газрын өрийн нийт хэмжээ ирэх онд 57.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх, 2028-2029 онд 63.6 их наяд төгрөг байхаар тооцоолжээ.