
Зургийг: TWG Tea
Тансаг зэрэглэлийн цайны “TWG Tea” брэндийн "takeaway" концепц бүхий Монгол дахь анхны "Boutique" салбар Шангри-Ла төвд нээлтээ хийлээ.
Сингапур улсаас гаралтай, Ази, Европ, Ойрх Дорнодын 10 гаруй хотод амжилттай хэрэгжсэн "Takeaway Tea" буюу сууж үйлчлүүлэх бус авч явах зориулалт бүхий концепц нь тансаг хэрэглээг их хотын завгүй амьдралын хэв маягт нийцүүлсэн онцлогтой болохыг тодотгож байна.
Тус брэнд Монголын хэрэглэгчдэд 88 төрлийн дээд зэргийн ургацын цай, тансаг дагалдах хэрэгслүүд, бэлгийн багц, цайгаар баяжуулсан макарон жигнэмэг зэргийг санал болгох аж.
Улаанбаатар хотын тансаг хэрэглээний шинэ өнгө төрхөд соёлын шинэ төв цэг болон байрлаж буй энэхүү “Boutique” нь цай уух уламжлалыг орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцүүлэн шинэлгээр тодорхойлжээ. “Цайг зөвхөн худалдах бус харин хэрэглэгчийн дотоод мэдрэмжийг хөглөх, бусдад бэлэглэх зэрэг олон давхар мэдрэмж, үнэ цэнийг санал болгож, хэрэглэгчдээ судалж, амталж, мэдрэх боломж олгодог” хэмээн тус брэнд онцолж байна.
“Takeaway Tea” бүр нь брэндийн нэрийн алтадсан цайны гүцнээс санаа авсан тансаг дизайн бүхий аяганд савлагдан, сахарын охь, дахин ашиглах боломжтой шилэн соруултайгаар танд хүргэгдэнэ. Мөн байгальд ээлтэй шийдлийг баримталсан энэхүү сав, баглаа боодол нь бүрэн задрах, дахин боловсруулах, гэрийн нөхцөлд бордоо болох боломжтой.
Цай бүрийг нарийн хэмжээс, стандартын дагуу, шүүсэн усаар төгс хандлан, халуунаар эсвэл мөстэй сонголттойгоор үйлчилнэ.
Дэлхийн хамгийн тансаг цайны брэндүүдийн нэг болох “TWG Tea” нь цайг шууд тариалангийн эх үүсвэрээс ханган нийлүүлэх зарчмыг тууштай баримталдаг. Тус брэндийн цайны цуглуулга нь дэлхийд хамгийн өргөнд тооцогдох бөгөөд цай үйлдвэрлэдэг улс орнуудын дээд зэрэглэлийн ургацыг багтаадаг.
“TWG Tea” нь өдгөө Лондон, Шанхай, Парис, Токио, Дубай, Хонконг, Сөүл, Бангкок, Жакарта, Куала Лумпур, Тайбэй, Манила зэрэг дэлхийн томоохон хотуудыг хамарсан 70 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн “Singapore Airlines”, “Qatar Airways”, “Seabourn Cruise Line” зэрэг дэлхийн шилдэг зочид буудал, ресторанууд, олон улсын агаарын тээврийн компаниудын тэргүүлэх нийлүүлэгч юм.
Дэлхийн цайны зах зээл 2025 онд ойролцоогоор 70-80 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрснээс "premium" буюу дээд зэрэглэлийн цайны сегмент хамгийн хурдацтай өсөж буй ангилалд тооцогдож байна. Ялангуяа Ази тивд залуу хэрэглэгчид кофе шопын соёлоос гадна өндөр чанарын цайг өдөр тутмын хэрэглээндээ түлхүү сонгох болсон нь зах зээлийн өсөлтийг дэмжиж буй.
“Монгол Улс бол “TWG Tea” брэндийн хувьд шинэ, сонирхол татахуйц улс. Бид дэлхий дахинд өргөжин тэлэхийн зэрэгцээ цайны урлагийг дахин шинээр тодорхойлох, уламжлалт зочломтгой занг орчин үеийн амьдралын хэв маягтай уялдуулах зорилтоо тууштай баримталсаар байна. Энэхүү нээлт нь цай бол цаг хугацаанаас үл хамаарах соёлын илэрхийлэл бөгөөд Монголын баялаг өв уламжлалтай зохицон дэлхийн түвшний чанарыг илэрхийлж чадна гэсэн бидний итгэлийг илэрхийлж буй юм" хэмээн “V3 Gourmet” компанийн Ерөнхийлөгч, “TWG Tea”-ийн хамтран үүсгэн байгуулагч Таха Будкиб онцолжээ.