
Зургийг: С.Батсайхан
2026 оны эхний дөрвөн сард экспортын өсөлт өндөр түвшинд хадгалагдаж, нийт худалдааны эргэлт болон худалдааны ашигт эерэг нөлөө үзүүлснийг Гаалийн байгууллагын статистик мэдээлэл харуулж байна. Тухайлбал: оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 6.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.6 орчим тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өссөн бөгөөд нүүрс, зэсийн баяжмалын тоо хэмжээ, үнийн дүн өссөнийг Гаалийн Ерөнхий газар мэдээллээ.
Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 37.4 сая тонн нүүрс экспортолсон нь 64.3 хувиар өссөн бол гурван тэрбум орчим ам.долларын зэсийн баяжмал гаргасан байна.
Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа жигдэрч, Оюутолгойн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрсэн зэрэг нь нийт экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ.
Нөгөө талаас 3.6 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 100 орчим сая ам.доллароор нэмэгдсэн байна. Импортод гол жин дардаг суудлын автомашины үнийн дүн 43 хувиар буурсан нь өсөлт саарах гол шалтгаан болж байгаа аж. Нийт импортын 23.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 8.3 хувийг суудлын автомашин бүрдүүлсэн байна.
Эдгээр үзүүлэлтийг нэгтгэн тооцоолсноор оны эхний дөрвөн сарын хугацаанд хийсэн гадаад худалдааны ашиг 3.1 тэрбум ам.доллар давж, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрснийг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэл харуулж байна.
Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс харьцангуй дээшилж байгаа юм. Сүүлийн байдлаар алт, зэсийн үнийн өсөлт экспортын үнийн индекс сайжрахад гол нөлөө үзүүлж байна.