
Зургийг: kedglobal.com
“Алтай Холдинг” ХХК болон “Скай Хайпермаркет” ХХК боломжийн үнэтэй бүтээгдэхүүний "No Brand" сүлжээ дэлгүүрийг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлэхээр БНСУ-ын “Emart” групптэй мастер франчайзын гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд “No Brand”-ийн бизнес концепцийг Монголд нутагшуулж, 2026 онд Улаанбаатар хотод эхний гурван дэлгүүрийг нээхээр төлөвлөсөн байна.
“No Brand” төсөл нь "Private-label" буюу сурталчилгаа, сав баглаа боодол, нийлүүлэлтийн дундын зардлыг арилгах замаар бүтээгдэхүүний үнийг бага байлгах стратеги ашигладгаараа уламжлалт супермаркетаас ялгаатай. Чухал хэрэгцээний бараа бүтээгдэхүүнд төвлөрч, брэндийн ялгарлаас илүүтэй үнийн өрсөлдөх чадварыг чухалчилдаг уг бизнес загвар өндөр амжилт олж, одоогоор БНСУ-д болон олон улсад “No Brand"-ийн олон зуун салбар нээгджээ.
Монголд “Emart” дэлгүүр нээгдсэний 10 жилийн ойтой давхцаж буй энэхүү төсөл нь “Алтай Холдинг” компанийн хувьд дараагийн томоохон стратегийн алхам болохыг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Баттүшиг онцолсон байна. Мөн “Өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаа илүү ухаалгаар төлөвлөж, боломжийн үнэтэй хэрнэ чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгцээ нэмэгдэж буй нь “No Brand”-ийг Монгол Улсад нэвтрүүлэх чухал үндэслэл болсон” гэдгийг тодотгожээ.