
Зургийг: erdene.com
Алтны үнэ дээд түвшинд хүрснээр энэ оны I улиралд “Erdene Resource Development” компани "Баян хөндий" төслийн олборлолтоо арилжааны түвшинд хүргэж, улмаар ашигт ажиллагаанд шилжсэн болохоо онцоллоо.
Оны эхний гурван сард тус компани 8527 унц алт олборлож, нэг унц алтыг дунджаар 4872 ам.доллароор борлуулснаар төслийн нийт орлого 42 сая ам.доллароор хэмжигдсэнийг тайландаа мэдээлжээ.
Өмнөх улиралтай харьцуулбал үйлдвэрлэл нь 20 хувиар өсөж, уурхайн үйл ажиллагаа нийт хүчин чадлын зорилтын 94 хувьд хүрсэн байна. Мөн алтны металл авалт дунджаар 96 хувьтай байсан нь ТЭЗҮ-д тусгасан 93 хувиас давжээ. Ингэснээр оны эхний улиралд “Erdene Resource Development” 4.8 сая канад долларын цэвэр ашигтай ажилласан байна. Харьцуулбал өмнөх оны I улиралд 4.5 сая канад долларын алдагдал хүлээж байв.
Тус компани "Баян хөндий" төслөөс гадна Монгол дахь зэс, молибдений бусад төслийн хөгжүүлэлтэд ахиц гаргасан байна. Тухайлбал: Оюутолгойн ойролцоо орших "Тэрэг уул" зэсийн төслийн анхны өрөмдлөгөө гүйцэтгэсний зэрэгцээ зэс, молибдений "Зуун мод" төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээг энэ оны III улиралд гаргах хүлээлттэй байгаагаа онцоллоо.