
Зургийг: Мах Импэкс ХК
“Мах Импэкс” ХК 2030 оноос эхлэн хувьцааны ногдол ашгаа үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлдээ дурдсан байна. Тус компани сүүлийн гурван жил дараалан нэгж хувьцаанд 100 төгрөг тооцон, ногдол ашиг хуваарилсан юм.
“Мах Импэкс” ХК МИК-80 төслийг гурван үе шаттай хэрэгжүүлж буй бөгөөд 2027 онд бүрэн дуусах аж.
Нэгдүгээр шатанд боловсруулах үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулаад байна. Харин хоёрдугаар шатны бүтээн байгуулалт нь 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг мэдээллээ. Гуравдугаар шат болох мал төхөөрөх үйлдвэрийг 2027 оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр орчин үеийн стандартад нийцсэн боловсруулах үйлдвэр, 9736 тонны багтаамжтай мах хадгалах хөргүүртэй агуулах, нарийн ногоо, өндөг, жимс хадгалах 616 тонны агуулах зэргийг бүрэн ашиглалтад оруулах юм.
Төслийг гадаад, дотоодын банкны зээлээр санхүүжүүлж, 5-10 жилийн хугацаанд нөхөн төлөх төлөвлөгөөтэй байгаагаа онцолж байв.
Үүний зэрэгцээ экспортын борлуулалтаа нэмэгдүүлэх чиглэлд Ойрх Дорнодын улс орнуудад халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортолно. Мөн ОХУ руу мах экспортлох зөвшөөрөл авах бэлтгэл хангаж буйг мэдээллээ.
Тус компанийн хувьцааны ханш он гарсаар тогтвортой 3800 орчим төгрөгт арилжаалагдаж байна. Хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 14.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.