
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюунд ашиглагдах чипийн эрэлт эрс өссөнөөр БНСУ-ын хөрөнгийн зах зээл Канадынхаас давж, дэлхийн долоо дахь том үнэт цаасны зах зээл боллоо.
“Bloomberg”-ийн дата үзүүлэлтээс харахад БНСУ-ын биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ энэ он гарсаар 71 хувиар өсөж, 4.59 их наяд ам.доллар хүрсэн бол Канадын зах зээлийн үнэлгээ ойролцоогоор долоон хувиар өсөж, 4.5 их наяд ам.доллар болсон байна.
Саяхан зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар давсан “Samsung Electronics” болон “SK Hynix” компанийн хувьцааны ханш энэ онд хоёр дахин өссөн хөдөлгөөнтэй байгаа нь гол нөлөө үзүүлжээ.
Хиймэл оюуны чипийн зах зээлд эдгээр компани давамгай байр суурьтай байж бүтээгдэхүүн болон хувьцаа нь хөрөнгө оруулагчдын дунд эрэлтээрээ тэргүүлж байна.
Нөгөөтэйгөөр сүүлийн онцлох хөдөлгөөн нь дэлхийн Хөрөнгийн биржүүдийн жишиг индексүүдийн сагсыг бүрдүүлж буй хувьцаанууд тухайн улсын хөрөнгийн зах зээлийн ирээдүйг хэрхэн тодорхойлж болохын тод жишээ болж буй.
БНСУ-ын жишиг индексийн 45 хувьд чип үйлдвэрлэгч хоёр томоохон компани жин дарж, Их Британи болон Франц зэрэг Европын томоохон зах зээлүүдийг энэ онд үнэлгээгээрээ гүйцэж түрүүлээд байна.
Харин байгалийн баялаг болон санхүүгийн салбарт төвлөрсөн Канадын “S&P/TSX Composite index” ижил хугацаанд долоон хувийн л өсөлт үзүүлсэн байна.
“Хиймэл оюунаар удирдуулсан санах ойн чипийн мөчлөгийн нөлөөгөөр БНСУ-ын зах зээлийн үнэлгээ цаашид ч тэлэх магадлалтай. Харин Канадын зах зээл эрчим хүч болон санхүүгийн салбарт хэт төвлөрсөн тул өсөлтийн боломж нь илүү хязгаарлагдмал” харагдаж байна гэж “Eugene Asset Management” компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Ха Сог Гын онцолжээ.